📅

Украин улс онгоцны ослын хохирлыг барагдуулахыг Иранаас хүсжээ

🕔 2020/01/13 12:43

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын 176 хүнтэй зорчигч тээврийн онгоц осолдсон хэргийг мөрдөн шалгуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, хохирогчдын цогцсыг шилжүүлж авах, хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаагаа Ираны талд мэдэгджээ.

Мөн дипломат сувгаар албан ёсны уучлал гуйхыг Тегеранаас шаардсан байна. Зеленский өчигдөр Ираны ерөнхийлөгч Хасан Руханитай утсаар ярьсны дараа уг мэдэгдлийг хийжээ.

Өчигдөр Иран улсын эрх баригчид Украины нисэх онгоцыг санамсаргүй алдааны улмаас пуужингаар харваж унагаснаа хүлээн зөвшөөрсөн юм.

Тегераны тал алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн нь зөв чиглэлд хийсэн эхний алхам болохыг Украины ерөнхийлөгч онцолсон байна.

Украины ерөнхий сайд Олеский Гончарук хохирогсдын ар гэрийнхэнд засгийн газраасаа тус бүр 200,000 гривнагийн ($8,400) нөхөн олговор төлөх болсныг өчигдөр зарлажээ. Бас Ираны талаас, даатгалын болон нисэх компаниудаас нөхөн төлбөр авахад нь туслахаа амласан байна.

Ираны Хувьсгалт Гвардын командлагч Амирали Хажизадех өчигдөр тус улсын төв телевизээр хэлсэн үгэндээ ослын хариуцлагыг бүрэн хүлээхээ амласан юм.

“Агаарын довтолгооноос хамгаалах албаны офицер 10 секундын дотор шийдвэр гаргах ёстой байсан. Пуужин харвах уу, эсвэл болих уу гэсэн шийдвэр. Харамсалтай нь тэр алдаатай шийдвэр гаргаж, нисэх онгоцыг пуужингаар харваж унагажээ” гэж Хажизадех тайлбарласан байна.

Өчигдөр Зеленский Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой утсаар ярихдаа нисэх онгоцны хар хайрцагны бичлэгийг задлахад мэргэжлийн туслалцаа авахаар болсон байна.

Германы гадаад хэргийн сайд Хэйко Маас өчигдөр Иран улс алдаагаа хүлээн зөвшөөрсөн явдалд талархаж байгаагаа илэрхийлжээ. “Иран улс үнэнийг нуугаагүй нь чухал шийдвэр. Одоо энэхүү аймшигт сүйрлийн мөрөөр нарийвчлан шалгаж, дахин ийм алдаа гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй” гэж тэр Германы хэвлэлд ярьсан юм.

Украины нисэх онгоцонд Канадын 57, Ираны 82, Шведийн 10, Афганистаны 10, Германы 3, Британийн 3 иргэн явсныг тогтоожээ. Мөн Украины 11 иргэн амиа алдсаны дотор хоёр зорчигч, нислэгийн багийн есөн ажилтан байсан гэнэ.

Нэгдүгээр сарын 8-ны өдөр Ираны талаас Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр бааз руу пуужингийн цохилт хийсний дараа уг осол болсон юм.

Киев хотын чиглэлд Тегеранаас хөөрөөд удаагүй байсан онгоцыг Ираны зэвсэгт хүчин “дайсны онгоц”-той андууран пуужингаар харваж унагасан байна.

Р.Төмөр 

Эх сурвалж: AFP

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол