📅

МХЕГ-ын байцаагч нар болон ''хүргэн'' Г.Дэнзэн, Г.Батхүү нарын хэргийг сэргээн шалгана

🕔 2020/01/13 13:11

Парламент өнгөрсөн баасан гарагт хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг баталлаа. Өнгөрсөн тавдугаар сард Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тойрсон асуудал дуулиан дэгдээсэн. Тухайн үед МХЕГ-ын байцаагч нарын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаанаас үүдэн хэрэгсэхгүй болгосон юм. Үүнээс үүдэн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хэн хэзээ хөндөв гэх асуудал анхаарал татаж эхэлсэн юм. 
Тодруулбал, 2016 онд Эрүүгийн хуульд оруулсан дагаж мөрдөх өөрчлөлт дээр хөөн хэлэлцэх хугацааг хөндөөгүй гэж байгаа. Харин 2017 оны дөрөвдүгээр сард байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уг заалтыг шинэчлээд баталчихсан байдаг.
Ингээд энэ хуулийн дагуу албан тушаалаа ашиглаж, олон хүнийг эдийн засгаар нь хохироож, аргагүй байдалд оруулж, гэм зэмгүй олон хүнийг хэрэгт холбогдуулсан МХЕГ-ын хэлтсийн хоёр дарга болон 20 гаруй холбогдогчдод холбогдох эрүүгийн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэснээр хууль шүүмжлэл дагуулж, нийгэмд бухимдал дагуулсан. Харин өнгөрсөн долоо парламент дээрх хэргүүдийг сэргээн шалгахаар хуульчиллаа. 

Мэдээж хамгийн нэгдүгээрт МХЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Аззаяа, Т.Баярсайхан нарт холбогдох авлига албан тушаалын хэргийг шалгаж таарна. 

Мөн Хөгжлийн банкнаас албан тушаалын давуу байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх асуудлаар шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан гэх “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “хүргэн Г.Дэнзэн, Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг айлган сүрдүүлж, онц их хэмжээний мөнгө дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар гэх мэт эрх мэдэлтнүүдийн цуваа хөврөх нь. 

Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, хуурамч гарын үсэг бүрдүүлэн их хэмжээний мөнгө авч, хувьдаа завшсан “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүд холбогдох хэрэг. Удаан шалгагдсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байв. Түүний хувьд 2009 онд “Эрдэнэт”-ийг барьцаалж гадны банкнаас 109 сая ам.долларыг гаргуулж авсан байдаг. Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх асуудал нь даамжирч Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдаж аргагүй эрхэнд Засгийн газрын Эрсдлийн сангаас өрийг нь тэглэсэн байгаа. Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэг үйлдэгдсэн буюу 2009 оноос эхлэн тооцогдож буй. 

Мөн 2012 оноос эхтэй “хүргэн” Г.Дэнзэнд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхлэх нь. Түүний хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, эхнэрийнхээ “Говь повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгч улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2019 оныг хүртэл Г.Дэнзэнд холбогдох хэргийг шүүх эцэстээ нэмэлт мөрдөн байцаалтад буцаасаар ирсэн. Шүүх эцсийн шийдвэрээ гаргахгүй явсаар Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, бусад холбогдогч нар нь гэм буруугийн талаар маргахгүй хэмээсэн учир хэргийг нь хэрэгсэхгүй болгож хариуцлагаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. 

О.Онон 

Эх сурвалж: Olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол