📅

Ерөнхий сайд та дипломат алба авилга, албан тушаалын наймааны хэрэгсэл биш гэдгийг эрхбиш мэдмээр юм даа

🕔 2020/01/24 11:47

Дипломат байгууллагад олон жил бэлтгэгдсэн ур чадвартай мэргэшсэн боловсон хүчин ажиллах ёстой, хэмээн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар байнга хэлдэг. Харамсалтай нь ийм шаардлага монгол улсад ямар ч хэрэггүй болоод удаж байгаа бололтой. Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа гадаадын 11 оронд суух Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд нарыг томилсон тухай мэдээлэл саяхан олны сонорт хүрэв. Тэдгээрийн дунд БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэл гэгч багтаад байгаа нь ихээхэн сонирхол татаж байна.

Өчигдөр Засгийн газраас түүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилжээ. Харамсалтай нь түүний талаархи нэгэн бичлэг цахим орчинд тарж томоохон шуугиан тариад байна. БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэл гэгч нь төрийн албанд 36 жил ажилласан намтартай нэгэн бөгөөд тэрээр өөрийн намтартаа "1996-1997 онд АНУ-д сэргээгдэх эрчим хүний менежер мэргэжил эзэмшсэн, орос, англи хэлтэй" гэж бичжээ. 

Харин дээр өгүүлсэн бичлэгээс харахад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад горилж буй Ц.Цэнгэл нь англи хэлний мэдлэг тун тааруу, захын хүн сонсоход инээд хүрмээр харагдаж байгаа нь олон түмний эгдүүцлийг төрүүлж байна. Хэрэвзээ эрх баригч МАН иймэрхүү байдлаар 60 тэрбумын схемээ хэрэгжүүлж дипломат албыг хүртэл мөнгө төгрөгөөр худалдаж байгаа бол арай чдээ гэхээс өөр хэлэх үг даанч алга.

Өнөөдөр Монгол улсад дипломат албанд ажиллах, тэр тусмаа элчин сайдаар томилогдоно гэдэг зүгээр нэг авилга албан тушаалын наймааны хэрэгсэл болсон нь ийм эмгэнэлт байдалд хүргэж байна. Хилийн чинадад улс төлөөлж суух хүн нь боловсролгүйгээрээ гайхагдаж, ногоон гэрлээр албан тушаалд хүрэгч нэгэн байхаар асуудал хэрхэн өрнөдөг гэдгийг өдгөө захын хүн бүр мэдэх болсон. Уул нь Монголын төрд төрийн үнэлэмж гэж байх ёстой. Тэр тусмаа Элчин сайдын албан тушаал асар өндөр шалгууртай байх ёстой гэдгийг эрхэм Ерөнхий сайд та мэдэж л байх учиртай.

Харамсалтай нь төрийн алба нь төрлийн алба болсон шигээ дипломат алба ч мөн адил ах дүү хамаатан саднаа томилдог арын хаалганы алба болсон нь эцэс сүүлдээ ингэж доошоо ороход хүрээд байна. Энэ үүднээсээ сануулхад эрхэм Ерөнхий сайд аа та Элчин сайдаар томилогдох наад хүмүүсээ эргээд нэг харж бодож, тунгаагаа чээ гэж танд хандаж хэлэхийг хүсч байна.

Ж.Батдорж

Эх сурвалж: BOLOD.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол