📅

Эрсдэлд дөрлүүлсэн энэ цагийн эдийн засаг

🕔 2020/02/12 13:02

Урд хөршид тархаад буй, хүний амийг хөнөөх аюултай коронавирус Монголд ороод ирэх вий гэсэн айдас нийгэмд нүүрлэв. Анагаахын шинжлэх ухааны эрдэмтэд шинэ коронавирусийг цар тахал гэдгийг зарлалаа. Хөнөөлт өвчин тархаж болзошгүй өндөр эрсдэлтэй орны тоонд манайх багтаж буй учраас Улсын онцгой комиссынхон ч шийдвэртэй арга хэмжээ авч эхэллээ. Үзвэр, хурал, үзэсгэлэн худалдаа зэрэг олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Мөн өмнөд хилийн боомт бүрээр иргэдийг нэвтрүүлэхгүй, гаргахгүй байхаар шийдвэрлэсэн. Манай улсын экспортын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлдэг нүүрсний тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг өнгөрсөн даваа гарагт гаргалаа. Ингэснээр коронавирусийн аюул монголчуудын эрүүл мэнд, амь насанд заналхийлээд зогсохгүй, эдийн засгаар дамжин орлогыг нь хумих нь тодорхой болов. Өмнөд хөршид цар тахал дэгдсэнээр манай улс сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг зогсоосон нь худалдаа, үйлчилгээний салбарын эргэлтийг сааруулаад байсан. Тэгвэл нүүрсний экспортыг зогсоосноор эдийн засгийн бүх салбар сөрөг нөлөөнд автах нь тодорхой боллоо.

ХУМИГДСАН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Өмнөд хөршид шинэ коронавирус дэгдсэнийг дэлхий нийтэд зарласны дараа монголчууд гурил, будаа нөөцөлж, худалдааны төвүүдийн лангууг хоосолсон. Тэгвэл худалдааны төвийн борлуулагчид иргэд тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүн худалдаж авахаа больсныг дуулгаж байна. Хүмүүс ирж мэдэх аюулын өөдөөс сөрөхөд мөнгө хэрэгтэй хэмээн хэрэглээгээ танасан бололтой. Ингэснээр Улаанбаатарын худалдааны төвүүдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт огцом муудсаныг аль ч борлуулагч хэлнэ. Хотын төвд байрлалтай, үйлчлүүлэгч олонтой үсчин хүртэл “Сүүлийн 14 хоногт үйлчлүүлэгч цөөрөөд, баахан гиюүрч суулаа” гэж ярьж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл санал гар гасны дагуу Улсын онцгой комиссоос Цагаан сарын баярыг тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргуулахаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад байна. Тус зөвлөл Цагаан сарын баярыг хориглох шийдвэр гаргавал худалдаа, үйлчилгээний салбарын эргэлт бүр ч дордоно.

Хүний биеэр цус чөлөөтэй эргэлдэж байж эрүүл байдаг. Тэгвэл эдийн засагт мөнгө чөлөөтэй эргэлдэж байвал хэвийн байдаг зүй тогтолтой. Мөнгөний эргэлт саарахаар эдийн засгийн өсөлт удааширна. Энэ нь өрхийн орлогыг бууруулдаг. Ялангуяа худалдаа, үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийн өрхийн орлого хамгийн түрүүнд буурна. Цаашлаад орлого нь “муудсан” аж ахуйн нэгжүүд бага татвар төлнө. Ингэхээр төсвийн орлого буурна гэсэн үг. Төсвийн орлого буурахаар улсаас нийгэм, эдийн засгийн салбарт зарцуулах мөнгө багасна. Худалдаа, үйлчилгээний салбар хумигдсан нь хамгийн түрүүнд өрхийн орлогыг бууруулах бол алсдаа макро эдийн засагт сөргөөр нөлөөлж, өсөлтийг сааруулах нигууртай.

ХАНШИЙН ДАРАМТ ГААРАХ НЬ

Нүүрсний экспортыг зогсоосноор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэх мэт олон төрлийн татварын хэмжээ багасах тул төсвийн орлого шууд хумигдана. Товчхондоо, худалдаа, үйлчилгээний салбартай адил нөлөөг эдийн засагт үзүүлнэ гэсэн үг. Үүнээс гадна өссөөр буй ам.долларын ханшийг улам хөөрөгдөх нь тодорхой. Учир нь нүүрсний экспортыг зогсоосноор манай улс руу орж ирэх гадаад валютын урсгал саарах юм. Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр үнэ тогтдог. Нийлүүлэлт нь саарахаар тухайн зүйлийн үнэ өсөх магадлал маш өндөр. Өөрөөр хэлбэл, ханш өсөх дарамт улам нэмэгдлээ гэж ойлгох хэрэгтэй.

Монголбанкны албан ханшаар ам.доллар өчигдөр 2754 төгрөгтэй тэнцэж байлаа. Энэ бол Монголын валютын зах зээлд тогтож буй дундаж ханш. Цар тахлын улмаас эхний улирлын нүүрсний орлого эрс буурна гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж буй. Манай улс руу орох ам.долларын урсгал ойролцоогоор 200 сая ам.доллараар буурах магадлал бий. Валютын ханш өсөх хандлагатай байгаа энэ үед ийм хэмжээний орлого хасагдах нь ам.долларын хомсдол үүсгэж болзошгүй. “Ногоон”-ы хомсдолтой байгаагаас шалтгаалж, манай зах зээлд ханш нь 3000 төгрөгтэй дүйнэ гэсэн хүлээлт үүссэн. Нүүрсний экспортыг зогсоосон нь дээрх хүлээлтийг улам дэвэргэх аюултай.

Гэхдээ эдийн засагт сөргөөр нөлөөлнө гээд цар тахалд хаалга нээж болохгүй нь мэдээж. Зарим шинжээч “Улсын онцгой комиссынхон сүржигнэсэн шийдвэр гаргалаа” гэж дүгнэж байна. Хилийн цаана 130 км-т манай нүүрсийг баяжуулдаг Халуит хотод коронавирус тархсан тохиолдол илэрсэн нь аюул ойртоод ирснийг харуулав. Иймээс эдийн засгийн хохирол амсаад ч болтугай иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь зүйн хэрэг билээ.

Нүүрсний экспортыг зогсоосноор “ногоон”-ы ханш өсөхөд нөлөөлөх нь дамжиггүй болов уу. Ханш өсөхөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, инфляцыг өсгөдөг хэрэг. Хамгийн гол аюул нь энэ. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөөр иргэдийн худалдан авах чадвар буурна. Хэтэвч дэх төгрөгийн үнэ цэн дордоно гэсэн үг. Өрхийн орлого нь буураад, төгрөгийн үнэ цэн дордчихоор иргэдийн амьжиргаа доройтож таарна. Цар тахал иргэдийн эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй халаасыг нь ийн нимгэлэх нь.

ҮНЭ ХӨӨРӨГДӨХ ӨӨР НЭГ СЭЖИМ

Хятадад коронавирусээс гадна шувууны ханиад, гахайн томуу дэгдээд буй. Иймээс өмнөд хөршийнхөн тахиа, гахайн мах идэхгүй байгаа. Тэд хэрэглээгээ хангахын тулд ӨМӨЗО-оос малын мах их хэмжээгээр худалдан авах болжээ. Манай улс урд хөршид сүүлийн жилүүдэд мах экспортолдог болсон. Хятадууд хоёр жилийн өмнө манайхаас их хэмжээний мах өндөр үнээр худалдан авч, инфляц үүсгэсэн тохиолдол бий. Шувууны ханиад, гахайн томууны дэгдэлт удаан үргэлжилбэл өмнөд хөршийнхөн манайхаас мах худалдан авч магадгүй. БНХАУ 1.3 тэрбум хүн амтай учраас асар том зах зээл. Ийм том зах зээлийн жижиг хэсгийн ч болов хэрэгцээг хангахаар манайхаас мах худалдаж авбал үнийг дахин хөөрөгдөх магадлалтай. Үүгээр ч зосгохгүй дотоодод махны хомсдол үүсгэж ч мэднэ. Тиймээс өмнөд хөршийнхөндөө махаа худалдах, эсэх, хэрэв борлуулбал ямар бодлого баримтлахаа эртнээс бодох учиртай.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд өнгөрсөн лхагва гарагт махны экспортыг түр зогсоох зөвлөмж гаргажээ. Иймээс дотоодын зах зээлд хомсдол үүсгэхээс сэргийлж, ирэх сарын 2-ныг хүртэл өмнөд хөрш рүү мах экспортлохгүй юм байна. Дотоодын зах зээлд хомсдол үүсгэхгүйн тулд шувууны ханиад, гахайн томууны дэгдэлтийг зогстол мах экспортлохыг хориглох нь зүйтэй болов уу. Хаврын хахир цагт мал турдаг учраас нядлах бараг боломжгүй. Иймээс нойтон мах гартал буюу ирэх 5-6 дугаар сар хүртэл махны экспортыг зогсоох нь зөв гэж зарим эх сурвалж үзэж байна.

КОРОНАВИРУС ХЯМРАЛ ДАЛЛАХ УУ

Цар тахал улам дэгдэж, хилээ нээх боломжийг удаан хугацаанд олгохгүй бол эдийн засгийн өсөлт саараад зогсохгүй хямрал нүүрлэж мэднэ. Коронавирусийн эсрэг дархлаа тогтоох бэлдмэл гаргаж авч чадаагүй байна. Дэгдэлт нь газар авах магадлалтай нь ихээхэн болгоомжлол төрүүлж буй. Цаашид аюулт өвчин хэрхэхийг хэн ч таамаглаж чадахгүй байгаа учир эдийн засагт яаж нөлөөлөхийг нь баримжаалах боломж алга. Уг вирусийн тархалт зогсохгүй, хил хаалттай хэвээр байвал төсвийн орлого төлөвлөснөөс сард 200 тэрбум төгрөгөөр тасарна гэж Сангийн яамныхан мэдээллээ. Энэ онд төсөвт тодотгол хийх нь нэгэнт тодорхой болж байх шиг. Хөрөнгө оруулалтаа танаж, сургууль, цэцэрлэгийн барилга барихаа болих биз. Мөн “ногоон”-ы ханш хэдэн төгрөгт хүрэхийг тааварлах боломжгүй. Тэгэхээр инфляц хэрхэхийг тооцоход бэрх. Цар тахлын улмаас эдийн засаг маань эрсдэлд дөрлүүлчихээд байгаа нь хамгийн тодорхой зүйл юм.

Т.Энхбат

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол