Сэргэдэггүй хийморийн балаг эрчүүдийн амиа алдах шалтгаан болсоор байх уу
Тээр жил Асашёорюү, Г.Алтантүрүү сэтгүүлчтэй Бурхан Халдуны энгэрт чонын даханд хөлбөрч, хээрийн цай чанаж хоносон үйл явдлыг монголчууд нэвтрүүлэг хэлбэрээр үзсэн билээ. Үүнээс өмнө 2013 оны дөрөвдүгээр сард бил үү дээ, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа мөн Бурхан Халдун уулыг зориод төөрч байв. Монголчууд төрийн “зайрангаа” Эзэн Чингис хааны онготой гэх ууланд хаяхгүйн тулд гурван нисдэг тэрэг хөөргөж, 90 орчим сая төгрөг зарцуулан хийсгэн байж Н.Алтанхуягийгаа олж ирж байлаа. Энэ л үеэс манай эрчүүдийн хийморио сэргээдэг ажил улам бүр нэмэгдсэн гэлтэй. Шинэ жилийн баяраас эхэлдэг энэ ажил жилийн дөрвөн улиралд үргэлжилдэг. Тодруулбал “Эрэлхэг дайчин эрсийн хоног төөрүүлэх бэлчир, эзэн Чингисийн онгоны энерги хуваалцах хөндий, андгай, нөхөрлөлийн үнэ цэн энэ ууланд очвол бэхжинэ, хийморио сэргээнэ, нар харна, сайн эрсийн хөл хүрэх газар” гэх мэт элий балай сүсэг олон эрчүүдийг Бурхан Халдун, Шилийн богд, Хийморийн овоо, Хүслийн хар уул руу цувах шалтгаан болдог. Төрийн сайдаасаа эхлээд түмний хайртай хөвгүүд хүртэл “Сэргэдэггүй” хийморио сэргээхээр зам гартал “бэлчдэг“ болов.
Нэгдүгээр сарын 1-ний нарыг харвал хийморь сэргэнэ хэмээн үүр цүүрээс эхлүүлдэг энэ ажил сар шинийн баяраар үргэлжилдэг. “Хаврын тэргүүн сарын шинийн нэгний нар мандахыг харвал аз ирж, хийморь сэргэдэг гэдэгт ихэнх эрчүүд бат итгэнэ. Ингээд биенээ дуудаж уул, овоонд гараад хэсэг зогсдог юм. Улмаар овоонд өргөх архиа өврөөсөө гаргацгааж сэржим өргөөд үлдсэнийг нь дамжуулан ууцгаана. Талимаарч халамцсан эрс уухайлж, барилдах нь барилдаж, хашхиран дуулах нь дуулна. Үүнээсээ хэдхэн сарын дараа аймаг, сум, багийн овоо, тахилга хэмээн дарвиснаар дахин үргэлжилнэ. Идсэн уусан, өргөсөн нь хог болж үлддэг ийм тахилын баяраар эрчүүдийн хийморь сэргэдэг нь юу л бол. Хадаг яндар болж, боов боорцог цацаж, бөх барилдуулж, морь уралдуулна. Ингээд сэргээгүй хийморио наадмаар дахин сэргээх гэж бужигнадаг. Соёолонгийн тоосонд сэргэдэг учраас хөлсийг нь амталж гишгэсэн газрынх нь шороог амтлах гэж зүтгэцгээнэ. Урин дулааны цагт өдөр бүр хийморь сэргээх аялал зохион байгууулдаг гэчихвэл буруудахгүй ээ. Хэнтий, Сүхбаатар руу биенээ шордсоор олуулаа давхичихдаг эрчүүд минь угтаа Төрийн тахилгат уул хайрхан гэдэг жижиг тугалын бэлчээр, жирэмсэн эхийн шээх газар биш байлтай. “Аливаа уул, ус, газар шороо эзэн савдагтай. Явсан газрынхаа чулууг хүртэл хөнддөггүй” гэж сургадаг өвөг дээдсийн яриа оргүй хоосон биш байлтай.
Гэтэл монголчууд, тэр дундаа олон эр цуглавал ямар гэгчийн харамсалтай аялал зохион байгуулж болдог вэ гэдгийг харуулах үйл явдал боллоо. Төрийн тахилгат Бурхан Халдуныг зориод амиа алдсан нэгэн харамсалтай хэрэг өнгөрөгч 16-нд гарлаа. Талийгаач найзуудаараа нийлж дарвин Улаанбаатараас тавуулаа гараад давхичихжээ. Цэл залуухан 35 настай Э гэгч хийморь сэргээх аяллын багт багтаад ууландаа ч хүрч чадалгүй амиа алдав. Үе тэнгийн таван залуу Улаанбаатараас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Бурхан Халдун ууланд буюу аймгийн төвөөс 400 км, сумын төвөөс баруун хойд зүгт 200 км-т “Ланд-200” загварын автомашинтай очихоор зэхсэн байна. Харамсалтай нь, зорьсон газартаа хүрэлгүй нэгийгээ алдсанаар хийморио сэргээх энэхүү аялал төгсжээ. Яг ийм хэрэг 2016 онд гарч байлаа. Тодруулбал, Замын-Үүдээс Дарьгангын Алтан Овоо, Шилийн богдыг зорьж яваад УАЗ-469 авто машинтай явсан таван хүн осолдож байв. Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, хоёр нь бэртэж байв. Энэ бол зөвхөн жишээ. Энэ мэт сүсэг, бишрэлдээ хөтлөгдөж яваад амь насаа алдах, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл байсаар. Бидэнд нэг муухай монгол зан бий. Тэр нь найз нөхдөөрөө дарвиж нийлэх дуртай, цөс нь хөөрвөл хаашаа ч хамаагүй гараад давхина. Цаг агаарын нөхцөл байдал, улс нийтээрээ онцгой дэглэм тогтоочихсон байх эсэх нь ер хамаагүй.
Аяллын маршрут гаргаад бие биенээ уриалаад уугаад дуусахгүй их архитай, тоолоод дуусахгүй зардалтай амралт зохион байгуулдаг. Түүнийгээ тун ч гоёмсог, хэнд ч хар сэрэггүй байдлаар тайлбарлачихдаг. “Ард түмнийхээ буян заяаг даатгалаа” ч гэх шиг, “Анд нөхрийн ариун журмаар андгай тавилаа”, “Хээрийн цай ууя гэсэн юм”, “Хийморио сэргээе гэлээ”, “Шинийн нэгний нарыг харлаа”...гэх байдлаар дээрх уулуудыг зорьсон шалтгаанаа тайлбарладаг. Гэтэл монгол эрсийн хийморь, сүлд сэргэхээс өмнө аюул осол бүртгэгдэж улмаар амь насаа алдлаа гэх тоогүй мэдээ дуулддаг. Сэргэдэггүй хийморийн балаг олон аав, ээжийг хагацал, шаналлын нулимсанд живүүлж байгаа бол бидний дундаас хэн нэгнийг минь авч одсоор. Сар шинэ хаяанд ирчихсэн энэ үед нийтээрээ сар шинийн баярыг тэвчихийг Монгол Улсын Ерөнхийлөгч уриалсан. Энэ хүрээнд жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өглөө Хийморийн овоонд гарч хийморь сүлдээ сэргээдэг уламжлалтай үйл ажиллагааг хориглосон.
Энэ талаар Богдхан уулын Дархан цаазат газар Засгийн газрын захирамж гарч, цагаан сарын шинийн нэгний өглөө Хийморийн овоо руу явах замыг түр хугацаагаар хаасан билээ. Ташрамд дурдахад, энэ сарын 13- нд Сүхбаатар аймаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг мөн хориглосон. Төр засаг, төрийн чиг үүрэг бүхий албан байгууллага хамтран иргэдийн зорчих урсгалыг сааруулахаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байхад нөгөө хэсэгт нь шалгалт, постуудаас хэрхэн бултаж, Хийморийн овоонд гарах вэ, Шилийн богд руу давхих вэ хэмээн бодогсод байж л байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Анхааруулж, сануулсаар байхад уяанаас алдуурах мэт чиггүй зүтгэгчдэд энэ удаад нийтлэлээ хаяглая. Элдэв овоо, тахилгат уул, хайрхан руу бүү зорчоорой. Иргэний үүргээ ухамсарлаж амь нас, эрүүл мэнд, ойр дотны халуун ам бүлдээ хайртай байя. Төрийн тэргүүнийхээ гаргасан уриалга, санаачилгыг сахин биелүүлэх нь Монгол Улсын иргэний үүрэг билээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин