📅

С.Санжжав: Манай бүтээгдэхүүн зураасан кодтой учир гадаадаас захиалах боломжтой

🕔 2020/02/27 12:50

Говь-Алтай аймгийн баялаг бүтээгч, “Хуруухан”, “Эрхийхэн”, “Чигчийхэн” нэрийн чипсэн ааруул үйлдвэрлэлээрээ олны танил болсон “Баян таян” ХХК-ийн захирал Р.Санжжавтай ярилцлаа. Тэрээр анх 2008 онд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байсан бол өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлж “Баян таян” ХХК байгуулжээ. Үйлдвэр хамгийн сүүлд чихрийг орлох шинэхэн бүтээгдэхүүн болох “Ааруулан чихэр”, “Цагаан доктор”-ыг хот хөдөөгийн хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд байгаа аж. 

-Алтай нутгийн брэнд бүтээгдэхүүн болсон сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэзээнээс үйлдвэрлэж эхэлсэн бэ? Үйлдвэр нээх санааг яаж төрөв ?

-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэж эхэлсэн маань манай гэр бүлд амьдралаа шинээр эхлэх боломжийг бий болгосон. Манайх Цээл суманд мал маллан амьдардаг байсан. 2008 онд сум маань үерийн гамшигт өртөн мал ч үгүй болж аймагт ирж суурьшаад энэ бизнес болон амьдарлаа шинээр эхэлсэн.

Аливаа зүйлийг шинээр эхлэхэд саад бэрхшээл тохиолддог. Гэхдээ аар саархан бэрхшээлд сөхрөөд байвал амьдралд ахиц дэвшил гарахгүй. Орчлонд жамаараа болж байгаа үй олон юмс үзэгдэл, өөрт нь тохиолдож буй учрал тохиол бүгдийг зөв талаас нь харж, эерэг талаас нь бодож байхыг чармайн энэ үйлдвэрээ нээж билээ.

Тухайн үед ах дүү, хамаатан садан, найз нөхөд олон хүн тусалж дэмжиж байсан. Сүүн бүтээгдэхүүн, цагаан идээний үйлдвэр маань 2008 оноос өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа ба Алтай хотын хамгийн анхны үйлдвэр.

Одоо үйлдвэр тараг, зөөхий, цөцгий, аарц, ээдэм, чипсэн ааруул, цөцгийн тос, хүүхдийн илчлэг тэжээл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байна.  

-Танай бүтээгдэхүүн сав баглаа боодлын хувьд импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц болжээ. Материал, түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Манайх сав баглаа боодлоо Манжуурт хийлгэдэг. Анх чанар, стандартад нийцсэн өнгө үзэмж сайтай баглаа, боодолтой бүтээгдэхүүнээ аймгийнхаа зах зээлд гарган, дэлгүүрүүдэд тавиулдаг байхад иргэд хотын ааруул гээд худалдаж авдаггүй, шошгыг нь авчихаар авдаг байсан.

Материал түүхий эдээ зунд нь малчдаас, өвөлд нь Баянхонгор аймгийн Галуут сумаас худалдан авдаг. Ер нь аливаа бүтээгдэхүүний түүхий эд чанартай найдвартай байх нь түүнээс гарах бүтээгдэхүүний чанарт мөн адил нөлөөлдөг. Барааны чанар гэдэг нь бүтээгдэхүүний зориулалтаар нь ашиглахад хүний хэрэгцээг хангах эсэх чадварыг илэрхийлдэг  шинж чанаруудын нийлбэр цогц юм.

Бараа бүтээгдэхүүн нь маш олон бодит онцлогууд болон шинж чанартай байдаг. Энэ шинж чанарууд нь түүнийг бүтээж бий болгоход мөн эдэлж хэрэглэх явцад илрэн гардаг. Барааны чанарыг үнэлэхэд хүмүүсийн хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй.

Тиймээс бид материал, түүхий идээ худалдаж авахдаа амт чанар, хадгалалт зэргийг бүгдийг нь шалгаж авдаг. Түүнчлэн ямааны сүүгээр цэвэр монгол молоко үйлдвэрлэж байгаа. Иргэд ихээхэн эрэлттэй бүтээгдэхүүний тоонд ороод байна. Цаашид ямааны цэвэр сүүгээр ямар ч хольцгүй хуурай сүү хийх бодолтой байгаа төдийгүй одоо технологийг нь судлаж байна.

-Танай бүтээгдэхүүнүүд аймаг орон нутагтаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн төдийгүй “Хуруухан” болон “Чигчийхэн” зэрэг чипсэн ааруулаар Нийслэлчүүдэд аймгаа сурталчилж таниулж байгаа. Орон нутгаасаа гадна хаагуур борлуулж байгаа вэ?

-Ааруул нь хүний биед зайлшгүй хэрэгцээт үл орлогдох амин дэм С, Р, В, А тос, уургаар баялаг удаан хугацаагаар өөрийн амт чанар тэжээллэг байдлаа хадгалдаг бүтээгдэхүүн учир нийт хэрэглэгчид ялангуяа хүүхэд багачуудын ясны бэхжилт, өсөл хөгжилтөнд чухал үүрэгтэй бүтээгдэхүүний нэг юм. “Хуруухан”, “Эрхийхэн”, “Чигчийхэн” гэх мэт таван янзын савлагаатай ааруул хийдэг. 

Манай бүтээгдэхүүнүүд Үндэсний тохирлын тэмдэг, зураасан кодтой учир гадаадад оршин суугаа Монголчууд маань захиалж авах бүрэн боломжтой.

2008 оноос хойш хэд хэдэн газар өөрийн салбараа нээж үйлдвэрлэлээ өргөжүүлээд байгаа. 2015 оны долдугаар сард Эрдэнэт хотод, наймдугаар сард нь Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод салбараа нээж тухайн орон нутгийн иргэдийг чанартай цагаан идээгээр хангаж байна.

Эдгээр салбаруудыг манай дүү нар хариуцан ажлуулж олон хүнийг ажлын байраар хангаж байна. Сүү, цагаан идээний үйлдвэрээ нээснээр өөрийнхөө амьдралыг төдийгүй өрөөл бусдын амьдрал ахуйд нь ихээхэн хувь нэмэр болж байгаадаа сэтгэл өөдрөг байдаг. 

-Чипсийг орлох “Цагаан доктор”, “Ааруулан чихэр” нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэж дуулсан. Бүтээгдэхүүнээ танилцуулвал?

-Хүүхэд багачууд маань чихэрт дуртай. Тиймээс чихрийг орлуулах зорилгоор шинэхэн бүтээгдэхүүн болох “Ааруулан чихэр”-ийг үйлдвэрлэж эхэлсэн.

Ааруул нь хүний биед зайлшгүй хэрэгцээтэй үл орлогдох амин дэм С, Р, В, А тос, уургаар баялаг удаан хугацаагаар өөрийн амт чанар тэжээллэг байдлаа хадгалдаг бүтээгдэхүүн учир нийт хэрэглэгчид ялангуяа хүүхэд багачуудын ясны бэхжилт, өсөл хөгжилтөд чухал үүрэгтэй.

Харин “Цагаан доктор” бүх насныханд зориулсан ханиад томуу, ясны сийрэгжилтийн эсрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм. Мөн дархлаа суларсан үед уухад нэн тохиромжтой. Найрлагадаа хатаасан аарц, хөмүүл, сүү, витамин С агуулснаараа онцлогтой.

-Танай компани орон нутгийнхаа шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр олонтаа шалгарсан. Орон нутгаас дэмжлэг байдаг  уу?

-Тиймээ. Эрхэлж буй энэ ажилдаа, дуртай учир чин сэтгэлээсээ, уламжлалт технологиор үйлдвэрлэдэг учир төр засаг, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагаас ихээхэн тусалж дэмжин, хамтран ажилладаг. Манайх 2013 оноос хойш орон нутгийнхаа үзэсгэлэн худалдаанаас жил бүр тасралтгүй шагнал хүртсэн.

Хамгийн сүүлд “Цагаан доктор”, “Ааруулан чихэр” бүтээгдэхүүнээрээ “Алтайн түншлэл” үзэсгэлэн худалдааны шинэлэг бүтээгдэхүүнээр шалгарсан. Шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ сав баглаа боодлыг нь ч өөрсдөө хийж байгаа.

Нэмж хэлэхэд манай бүтээгдэхүүнүүд Үндэсний тохирлын тэмдэг, зураасан кодтой учир гадаадад оршин суугаа Монголчууд маань захиалж авах бүрэн боломжтой.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол