📅

Монгол Улсын шударга шүүх мандтугай!

🕔 2020/03/06 12:05

Хорин жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Энхбаатар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс долоон жилийн хорих ял аваад гарахдаа ингэж хэлсэн юм. 1998 оны аравдугаар сарын 2-нд Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг бусдын гарт хэрцгийгээр алагдаж, түүний амийг хөнөөсөн хэрэгт сэрдэн УИХ-ын гурван гишүүнийг (нэг нь тухайн үеийн Хууль зүйн сайд) бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хорьсон билээ. Гурван гишүүн тухайн үед УИХ-аар хэлэлцэж байсан Казиногийн хуулийн ажлын хэсгийнхэн байсан юм. Нэг үгээр уг хуулиас болж С.Зоригийн амийн хөнөөсөн гэж цагдаагийнхан итгэсэн, хэн нэг нь тэдэнд тэгж итгүүлсэн хэрэг.

С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хэрэг нь яваандаа авилгын хэрэг болж (нэг нэг Ниссан Патрол машины тухай яригдаж байв), тэр нь ч нотлогдолгүй үзэг бал, өмдний тэлээн дээр буусан билээ. Тэдний бэлгэнд авсан гэх тэдгээр зүйл нь тухайн үеийн УИХ-ын гишүүний сарын цалингаас давсан тул (100, 200 долларын үнэтэй гэсэн байх) хоёр нь авилгын хэргээр, Д.Энхбаатар өөрийнх нь үүсгэн байгуулсан “Маршал” компани татвараас зугтсан хэргээр ял шийтгүүлж байв. Шүүх яллах тогтоолоо уншиж дууссаны дараа мань хүн шүх танхимд энэ “алдарт” үгээ хэлсэн билээ.

Учир нь шүүхийн хувьд прокуророос оруулж ирсэн хэргийг л шийдсэн. Монголын шүүх УИХ-ын гишүүдээ, Хууль зүйн сайдтай нь хамт ялласан анхны бөгөөд сүүлчийн тохиолдол болсон билээ. Харин цагдаа, прокурорын хувьд тэдэнд хэрэг үүрүүлэхийн тулд хоёр жил гаруй ажилласан байдаг юм. Э.Бат-Үүлийг ч бас аллагын хэрэгтж сэжиглэн Төв аймгийн цагдан хориход гурван сар өлсгөлөнгийн байдалд байлгасан. Хорихын хоолноос болж гэдэсний өвчин туссан Э.Бат-Үүл талх, давсаар хооллосоор гурван сарыг барсан байдаг. Одоо хүртэл Э.Бат-Үүлийг “С.Зоригийн алуурчин” гэж зарлаж явдаг зарим хүмүүст хэлэхэд Э.Бат-Үүл шалгуулдагаа шалгуулаад цагаадчихсан хүн.

Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Улсын ерөнхий прокурор дээр 100 гаруй хуудас материал барьж очоод “Тавантолгойг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байсан байна. Энэ хэргийг шалга” гэдэг үүргийг өгч байв. Уншигч авгай санахгүй байвал прокурорынхон Ерөнхийлөгчид мөнгөн аяга бэлэглэснийг ЕТГ-ын дарга аваад гарч буй бичлэг олон нийтийн сүлжээгээр нэг хэсэг явсан даа.

Уг нь гэрээ батлагдсан бол өнөөдөр Х.Баттулгын зүүн тийшээ тавьж байгаа төмөр замыг таван жилийн өмнө урд хил рүүгээ гаргаад нүүрснийхээ экспортыг төмөр замаар хийдэг, нүүрсээ дотооддоо угаагаад гаргадаг болох байлаа. Гэвч уг төслийг УИХ дээр гацаасан хүн нь тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд. Өнөөдөр ч гэсэн “Тавантолгойн төслийг дахиад зогсооно. Гурав дахин үнэ цэнэтэй ордыг гурав дахин хямд үнэлсэн байна” гээд зурагтаар хичээл заагаад зогсож байна. Тэгэхээр таван жилийн өмнө ордыг эргэлтэд оруулсан бол одоогийнхоос гурав дахин үнэ цэнэтэй байсныг З.Энхболд ч гэсэн мэддэг л юм байна. Даанч өөрийнх нь зүтгүүлсэн компани орж чадаагүйд асуудал нь байсан биз (Тухайн үед Хятад, Япон, Монголын компаниуд оролцсон хамтарсан консорциум төслийг хэрэгжүүлэхээр гэрээг боловсруулаад байсан билээ).

Дахин сануулахад Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтыг гэрээг (Ажлын хэсгийг МУ-ын сайд М.Энхсайхан ахалсан) УИХ дээр зогсоосон. Өөрөөр хэлбэл гэрээ хийгдээгүй. Тиймээс хэргийг шалгасан АТГ-ын нөхөд “Үндэсний эрх ашгийн эсрэг хорлон сүйтгэсэн” гэдэг хэргээ “хорлон сүйтгэхээр завдсан” болгоод, прокурор түүнийг нь хянаад хоёр өдрийн өмнө шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг шалгасан мөрдөгчид нь хөрөнгө оруулалтын гэрээний талаар ямар ч ойлголтгүй нөхөд учраас “100 жилээр үнэгүй өгсөн гэсэн. Тэр заалт нь аль вэ?” гэж яллаж байгаа хүнээсээ асуугаад сууж байна.

Ч.Сайханбилэг Засгийн газраа байгуулахдаа зөвхөн Тавантолгойн төсөл, V цахилгаан станц хоёрыг явуулахын тулд М.Энхсайханд зориулж “Монгол Улсын сайд” гэдэг орон тоог мега төслүүдээ хариуцуулан бий болгосон билээ. Хэрвээ М.Энхсайханд “гэмт хэргийн захиалагч, хамжигч” бий бол тэр нь Ч.Сайханбилэг болно гэсэн үг. Гэтэл АТГ-ынхан М.Энхсайханаас “Таныг сайдаар томилогдоход Ц.Элбэгдорж яаж нөлөөлсөн бэ?” гэж асуусан гэнэ. Тэгэхээр бай нь М.Энхсайхан биш, Ц.Элбэгдорж юм байна гэж ойлгогдоно.

Ийм нэг хэрэг прокуророос шүүхэд шилжээд хоёр хонож байна. АТГ, прокуророос шударга ёс хайгаад нэмэргүй болсон байна гэж М.Энхсайхан хэлжээ. Харин тэр шударга ёсыг шүүхээс хайгаад үзвэл яадаг бол? Монгол Улс чинь сайн ч, муу ч шүүхтэй. Шүүх нь гурван шатаар хэрэг маргааныг хянан хэлэлцдэг. Тэнд нь Монгол Улсын мэргэшсэн хуульчид ажилладаг гэж ойлгодог. Хэдийгээр Х.Баттулга гэдэг хүн ҮАБЗ гэдэг нэрийн дор шүүгчдийн томилгоог бүрэн гартаа авсан ч гэлээ шүүх юм бол хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой. Тиймээс Монгол Улсын шударга шүүх мандтугай! 

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол