📅

“Үндэсний тоглоом-Шагайн наадгай” цахим уралдаанд оролцохыг уриалав

🕔 2020/03/10 13:02

Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейн хамт олон коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй энэ цаг үед “Үндэсний тоглоом-Шагайн наадгай” сэдэвт цахим уралдааныг өрнүүлж ард иргэдийг оролцохыг уриалав.

Уралдаанд оролцогчид шагайн наадгайгаар тоглож, түүнийгээ бичлэг болгон өөрийн болон орон нутаг судлах музейн нүүр хуудсанд байршуулснаар цахим уралдаанд оролцох эрх үүсэх ажээ. Эл уралдаан гуравдугаар сарын зургаанаас дөрөвдүгээр сарын нэгний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд бүх насныхан оролцох боломжтой хэмээн Орон нутаг судлах музейн тайлбарлагч С.Мягмардулам онцлон танилцуулав.

Уламжлалт шагайн наадгайгаар оюун ухаан, авхаалж самбаагаа сорих олон төрлийн тоглоом бий. Тухайлбал,

Алаг мэлхий өрөх: үүнийг тоглохын тулд янз бүрийн өнгөтэй шагайгаар алаг мэлхий өрөөд нэгээс арван хоёр нүхтэй шоо орхин, буусан нүхний тоогоор мэлхийнээс авч мэлхий өрсөн шагай дуусахад олон шагай цуглуулсан нь хожно. 

Дөрвөн бэрх орхих: Зөв эрчтэй дөрвөн (морь тал нь) шагай сонгож авна. Шагайг орхиход хонь, ямаа, морь, тэмээ гэсэн дөрвөн өөр дүрс буухыг дөрвөн бэрх гэнэ. Тоглохдоо “Найр ахаасаа, наадам дүүгээсээ” гэдэг зарчмыг баримтлан хамгийн залуугаасаа эхлэн дарааллаараа ээлжлэн дөрвөн шагайг орхиж, түрүүлж 100 оноо авсан хүн хожно. Хэдэн оноогоор тоглохоо дараах байдлаар тогтооно. 

Дөрвөн морь - 100 оноо 

Дөрвөн тэмээ -95 оноо 

Дөрвөн бэрх – 80 оноо 

Гурван морь, нэг хонь – 75 оноо 

Гурван тэмээ, нэг ямаа – 45 оноо 

Нэг морь, гурван хонь – 25 оноо 

Нэг тэмээ, гурван ямаа – 15 оноо 

Дөрвөн хонь, дөрвөн ямаа (тус бүр), хоёр хоёроороо ижил бол - 2 оноо авна. 

Авсан оноог нэмэхэд нийт 100 болж байвал хожно.

Морь уралдуулах: Олон тооны шагайг морь болгон цувуулан өрнө. Дараа нь ээлжлэн дөрвөн шагайгаа орхиж буусан морины тоогоор өөрийнхөө морийг гараанаас гарган урагшлуулна. Морь буулгаж чадахгүй бол дараагийн хүн шагайг орхино. Ингэж ээлжлэн орхиж уралдсаар морь нь түрүүлж барианы газар хүрсэн нь хожиж, хоцорсон нь баян ходоод болж шийтгэл хүлээнэ. 

Шагай таалцах: Хүн бүр ижил тоотой шагай хувааж авна. Өөрсдийн шагайнаас тодорхой хэсгийг нууцаар атгаж, тоглож байгаа хүмүүсийн атгаж байгаа шагайтай нийлүүлэн хэдэн шагай байгааг зөв таавал тэр шагайнуудыг авна. Шагайгүй болсон нь хасагдана. Хамгийн сүүлд бүх шагайг цуглуулсан нь хожно. 

Шагай шүүрэх: Маш нарийн төмрөөр хэлхэж хийсэн гархийг энэ тоглоомд хэрэглэнэ. Үүнийг тоглохдоо дэвсгэр дээр олон шагайг өрөөд тоглогч хүн гинжин гархийг дээш шидээд эргэж буух хооронд дэвсгэр дээрх шагайнаас тодорхой хэсгийг шүүрч аваад дээрээс бууж буй гархийг барьж авна. Ингэхдээ гарт атгасан шагайнаасаа унагах, гархиа барьж авч чадахгүй бол тооцдоггүй. Хэрэв алдаа гаргаагүй бол шүүрсэн шагайг өөрөө авч дахин тоглоно. Алдвал дараагийн хүн тоглон газарт байсан шагайг хүмүүс шүүрч дууссан үед бүгд авсан шагайгаа тоолж, хэн олон шагай цуглуулсан хүн хожно.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол