Ц.Элбэгдоржийн “барьцааны хүн”-ийг суллажээ
“Эрдэнэт”-ийн оффшорын хэмээх хэрэг 2019 оны аравдугаар сард хэвлэл, олон нийтэд ил болж байлаа. Удалгүй уг хэрэгтэй холбогдуулан АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн Б.Отгонбаатар нарыг цагдан хорьсон юм. Тэднийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, бусад хүмүүстэй нийлж “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэсийн баяжмалыг худалдахдаа Монголын талд зардлыг нь өсгөөд, түүнийгээ оффшор дансаар дамжуулж авсан гэх хэрэгт буруутгасан.
Тодруулбал, Б.Отгонбаатар нар нь их хэмжээний ам.долларын гүйлгээнүүдийг хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр оффшор бүсэд үүсгэн байгуулсан компаниуд руугаа шилжүүлдэг байжээ. Тэдний талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас гаргаж тавьсан оффшор бүсэд данс, компани эзэмшдэг Монголын 49 иргэний мэдээллээс харж болно. Баттай эх сурвалжийн мэдээллээр ингэж оффшорт “угаасан” 20 орчим сая ам.долларын асуудал ил болжээ.
Сүхбаатар дүүргийн шүүхээс 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны Ц.Даваацэрэнг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарган сулласан юм. Харин “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн Б.Отгонбаатар цагдан хоригдсон хэвээр үлдсэн. Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “барьцааны хүн” болж үлдлээ гэх мэдээлэл тарсан.
Учир нь Б.Отгонбаатар бол Ц.Элбэгдоржийн багын найз юм. Ц.Элбэгдорж ч үүнийг өөрөө хэлдэг. Сар шинийн 2-нд буюу 2020 оны хоёрдугаар сарын 25-нд нэгэн телевизээр ярилцлага нь гарч, Монголдоо очих болоогүй гэж мэдэгдсэн. Тэгэхдээ “Багын найз Б.Отгонбаатарыг маань барьж хорьчихоод байгаа, гэхдээ Монголд очиж Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүхээр орж хэлмэгдэхгүй” гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэг дэгдэхээс ердөө хэдхэн хоногийн өмнө хөлбөмбөг үзэхээр Монголын хилээр нэвтэрсэн ч өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн багын найз, “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн Б.Отгонбаатарыг Сүхбаатар дүүргийн шүүхээс 2020 оны гуравдугаар сарын 3-нд эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан байна.
“Эрдэнэт”ийн оффшорын гэх хэргийн талаарх мэдээллүүдээс дурдахад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Их тэнгэр цогцолбор, Төрийн ордон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Сэлэнгэ амралт, бусад аймаг орон нутагт байрлдах тансаг зэрэглэлийн газруудад уулзалтуудаа хийдэг байсан гэдэг. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Сэлэнгэ амралт, Булган аймгийн Бугат сумын нутагт байрладаг газруудад өндөр дүнтэй, бооцоотой тоглодог байсан гэх мэдээлэл бий.
“Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгт холбогдсон Б.Отгонбаатар “UNITED FRIENDS GROUP” ХХК-ийг 2009 оны гуравдугаар сарын 24-нд найз нарын хамтаар үүсгэн байгуулжээ. “UNITED FRIENDS GROUP” ХХК-ийн үүсгэн байгуулагч, эзэд нь Б.Отгонбаатар болон 2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн, 2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Д.Даваасамбуу, 2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баттулга, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан Ц.Батзориг, 2013-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Н.Батцэнгэл, “Түшээ говь” ХХК-ийн захирал Ө.Энхтүвшин, “Монэнергео” ХХК дэд захирал Г.Пүрэвсүрэн, “Монгол Фү Ёоу Хуа Фүнг Ресистент Ма” компанийн Б.Ганболд нар юм. Эндээс үзэхэд 2009 онд энэ компанийг байгуулаад 2012 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалд бөөнөөрөө очсон байгаа юм.
Тэдний дунд 2008 оны есдүгээр сард С.Баярыг Ерөнхий сайд байхад Засгийн газрын шийдвэрээр ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдож, удалгүй бригадын генерал цол хүртсэн Аажуурын Дулаанжаргал бас бий. Аажуурын Дулаанжаргал нь 1960 онд Хэнтий аймгийн Биндэр сумын суманд төрсөн. 1983 онд хуучнаар ЗСБНХУ-ын Москва хотын Дотоод явдлын яамны академи төгссөн тэрээр Дархан хотын Нийгмийн аюулаас хамгаалах газарт өмчийн ахлах төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж байжээ. 1985-1987 онд Эрүүгийн ахлах төлөөлөгч, 1987-1989 онд Гүйцэтгэх албаны дарга, 1990-1996 онд Эрүүгийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах төлөөлөгч, Тасгийн дарга, 1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 2004-2006 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт ахлах референт, 2006 оноос ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаад С.Баярын дэмжлэгээр Тэргүүн дэд дарга болж байв. 2012 онд “UNITED FRIENDS GROUP” ХХК-ийнхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад очиход тэрээр ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын ажлаасаа чөлөөлөгдөж, 2013 оноос БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газрын даргаар томилогдон ажиллах болсон. Дараа нь 2015 оноос эх орондоо эргэн ирж, ҮАБЗ-д ажиллах болжээ. А.Дулаанжаргал “UNITED FRIENDS GROUP” ХХК-иас хувь эзэмшдэг.
Мөн Б.Отгонбаатарын “Азаргын гол чонот” ХХК-ийн захирлын албан тушаалыг Д.Түвшинжаргалын 100 хувь эзэмшлийн “Альтаиргоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан, цагдаагийн хурандаа Цамбасүрэнгийн Батсүх 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс ажиллаж эхэлсэн байдаг. Ц.Батсүх нь ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэвч Д.Дорлигжав Хууль зүйн сайд 2015 оны нэгдүгээр сарын сүүлчээр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Буянтөрийг чөлөөлж, Ц.Батсүхийг эргүүлэн томилсон. Улмаар 2015 оны тавдугаар сарын 3-нд Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатарыг чөлөөлж, оронд нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батсүхийг томилсон байдаг юм.
Ингээд тэд Булган аймгийн Тэшиг сумын нутагт Монгол Улсын хилээс хоёр км-т байрлах Цагаан жалга гэх газарт хайгуулын лицензтэй талбайд 2013-2019 онд хууль бусаар алт олборлож их хэмжээний мөнгө олсон байдаг. Үүнийг мөн л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбодог. Мөн “UNITED FRIENDS GROUP”-ийнхан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сэлхийн амыг бүхэлд нь авч зэрэглэлийн хаус хотхоныг барьж хөршлөн амьдардаг тухай эх сурвалжийн мэдээлэл байна.
Эрэн сурвалжлах алба
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин