“Амьдарч үзээгүй" залуус амьдрал ярьсаар
Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны ажиллагаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Өнгөрөгч өдрүүдэд “амьдарч” үзээгүй залуус амьдрал ярьсаар иргэд олон нийтийг чамгүй залхаалаа. Тэдний амьдрал ярих өдрүүд ирэх сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ гэхээр санал өгөх хүн олдох болов уу гэх эмзэглэл өөрийн эрхгүй төрнө. Хэтдээ нийгэм даяараа залхаж, бухимдах нь ч улам ихсэх бололтой. Арга ч үгүй. Саяхан л аав, ээжээрээ хөтлүүлээд гүйж явсан орцных нь хүү гэнэт гэр хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдол, худаг ус яриад унахаар залхахаар барахгүй уур хүрнэ биз дээ. Өчигдөрхөн их сургуулиа төгсөж чадалгүй хөөгдсөн хөршийнх нь хүү эдийн засгийн хямралыг илааршуулахаас эхлээд инфляцын түвшин, мөнгөний бодлого яриад зогсож байхаар яах билээ. Эсвэл УИХ-ын гишүүн, сайдын зөвлөх нэртэй цүнх баригчид 20 жил худлаа ярьсан “эзэн”-ийхээ үгийг давтан яриад явахаар тэдэнд хэн санал өгөх юм. Сүүлийн хэдэн өдөр нэр дэвшигч залуусын ярилцлагыг сонслоо, уншлаа. Залуусын сэтгэлгээний цар хүрээ ямар муудаа вэ. Хүн талаасаа ямар хоосон болоо вэ. Нэр дэвшигчдийн дунд гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшсэн залуус олон л харагдана лээ. Үгүйсгэх аргагүй том “амьтад” байж таарна Гагцхүү сэтгэл, сэтгэлгээ огт байхгүй, хүн талаасаа дэндүү хоосон залуус хүний төлөө амь биеэ зориулна гээд байхаар яалтай ч билээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэдээ төлөөлөх гэж байгаа хүмүүс шүү дээ. Үүний зэрэгцээ ярьж байгаа асуудалд нь хумсын төдий найдах гарц гаргалгаа алга, өчүүхэн ч итгэх шийдэл, шийдвэр алга. Хамгийн наад зах нь өнөөх л улстөрчдийнхөө 10, 20, 30 дахь жилдээ ярьж байгааг давтан улиглах нь дэндүү уйтгартай. “Сайтар мартагдсан зүйлийг шинэ зүйл гэнэ” гээд л сонгогчдын дунд яваад орчих хэрэг байх даа. Энэ үгийн утгыг сая л маш сайн ойлгож байх шиг.
Тэднээс хойшид ч ямар нэг гарц, шийдэл гарахгүй. Үүнийгээ л ярьсаар байх болно. Өнөөдөр дүүргийн Иргэдийн хуралд нэрээ дэвшүүлэн, “амьдрал” үзээгүй ч амьдрал яриад явж байгаа залуу хэрвээ ялалт байгуулвал цаашид ч амьдрахгүй. Маргааш Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өрсөлдөнө гээд зогсож байна. Ийнхүү НИТХ-д ороод ирвэл бүр ч амьдрахгүй болно гэсэн үг. Харин ч эсрэгээрээ “амьдрах” гэж зүтгэх ямар ч хэрэггүй амттай зүйлд орж ирснээ нэгэнт ухаарна. Магадгүй нөгөөдөр УИХ-д өрсөлдөнө. Амьдрах бүү хэл хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй газар очно гэсэн үг. Ерөөсөө манай улс төрийн залуу халаагийн явж байгаа зам нь энэ болсон. Зөвхөн энэ удаагийн сонгуулиар ч анзаарч байгаа зүйл биш. Өнөөдөр ийм замаар явж, УИХ-д хоёр, гурав сонгогдоод явж байгаа “амьдрал” үзээгүй амьдрал ярьсан аавын цээж ч байна. Салбартаа ажиллаж үзээгүй, сургуулиа ч бүрэн төгсөөгүй эдийн засагчид, хуульчид ч байна. Тэр тусмаа энэ жилийн Орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа залуусын ярилцлагыг уншиж, сонсоод Монгол Улсын ирээдүй хаашаа явна вэ хэмээн ихэд цочирдов. Тэр тусмаа орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Төрийн эрх барих дээд байгууллагууд нэр дэвшин өрсөлдөж байгаа хүмүүс шүү дээ. Ингэхээр ирээдүйн төр хаана байх вэ.
Үүгээрээ би залуу үеийн төлөөллийг тэр чигт нь шүүмжилж эсэргүүцсэн хэрэг биш. Монголын нийгэмд залуусын дуу хоолой, хүч хөдөлмөр эртнээсээ л хүндтэй байр суурь эзэлж ирсэн. Нэр дэвшигчид дунд амьдралаас урган гарч боловсорсон, ажил хөдөлмөр эрхэлсэн, зөв сэтгэлтэй залуус ч цөөнгүй бий. Монгол Улсын нийгэмд төдийгүй олон улсад нэр алдраа дуурсгаж байгаа залуусыг ч үгүйсгэсэнгүй. Тэдний хувьд бол аль ч шатны сонгуульд өрсөлдөх хэрэггүй гэдгээ ойлгодог. Гэхдээ тэд би хэрхэн манлайлал үзүүлж чадах билээ, би юу хийж чадах билээ гэдгээ сайтар мэддэг. Тиймдээ ч шийдвэр гаргах түвшинд очихыг хүсдэг хэсэг байдаг ч тэдэнд энэ талбар үргэлж хаалттай. Өнөөх л “амьдрал” үзээгүй залуус амьдрал яриад ороод ирдэг байдал улам хүрээгээ тэлсээр байгаа нь том аюул юм.
Манайд “Залуусын манлайлал хөгжлийн форум”, “Мянган оюутны чуулган”, “Залуу эрдэмтдийн чуулган” гээд залууст хаягласан үйл ажиллагаа шил шилээ даран болж л байдаг. Чуулган бүхний цаана ямар нэгэн улс төрийн болон улстөрчийн санаа агуулагдаж байдгаас өөр гойд зүйлгүй. Энэ арга хэмжээнд аймаг, сум, дүүрэг тус бүрээс тэргүүний шилдэг залуусаа ирүүллээ л гэдэг. Гэтэл аанай л сум, аймгийн дарга нарын халааснаас гарсан “амьдрал” үзээгүй ч амьдрал ярьдаг нөхдөө гол төлөв чуулахаар ирдэг. Намгүй амьдарч чадахаа больсон, даргагүй явж чадахаа нэгэнт ойлгосон залуус ихэвчлэн ирдэг. Тэд өөр аймгийн “цус” нэгтэй нөхөдтэйгөө туршлага солилцож, ирээдүйд хэрхэн амьдрахаа бус амьдрал ярихаа боловсруулна.
Мэдээжийн хэрэг нийгэмд жинхэнэ манлайлал болсон боловсролтой, ажилтай залуусыг чуулганы чимэг төдийхөн болгож авчирна. Тэд “цус” нэгт ахан дүүстэй хэзээ ч нийлэхгүй. Захын жишээ татахад УИХ-ын нэгэн гишүүн нийслэлээс алслагдмал дүүргүүдийн шилдэг тэргүүний залуусын форумыг зохион байгуулж, тэнд нам, сонгуулийн ажилд идэвхийлэн оролцдог залуус голлон оролцсон. Олны нүдэн дээр залуусын хөгжил, эх орондоо оруулах хувь нэмэр гээд ярьж байгаа боловч үүний цаана айсуй сонгуульд хэрхэн оролцох тухай халуун яриа өрнөнө. “Амьдрал” мэдэхгүй ч амьдрал ярьдаг залуусаа хурцлана, ирээдүйд хэрхэн амьдрал ярихыг заана, сургана. Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо чухал уу гэвэл маш чухал. Оюутан залуучууд мэдлэг боловсролтой, авъяас чадвартай байхын тулд хөдөлмөрлөх хэрэгтэйг л хаа хаанаа санах учиртай. Товчхондоо форум, чуулган зохион байгуулах бус ажиллаж, амьдарч үзэх л хэрэг байгаа юм. Залууст мэдлэг туршлага, боловсрол гэхээсээ илүүтэй хүн байхын утга учрыг, амьдралыг танин мэдэхийн ач холбогдлыг юуны өмнө ойлгуулахгүй бол “амьдрал” үзээгүй ч амьдрал ярьдаг л хүмүүс олширно. Тэгэхээр энэ улсын ирээдүй юунд тулж очих вэ гэдгийг санах л хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН