Говь-Алтай аймагт халдвартай хүмүүстэй хавьтал болсон 17 хүнийг тусгаарлажээ
Говь-Алтай аймагт халдвартай хүмүүсийн ойрын болон дам хавьтал бүртгэгдсэн талаар тус аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийжээ.
Говь-Алтай аймгийн онцгой комиссоос “Гуравдугаар сарын 22-нд БСУХ-ны есөн хүн Баянхонгор аймагт ажилласан. Эдгээр есөн хүний тав нь Завхан аймаг орох замдаа манай аймгаар дайрсан байна. Гэхдээ аймгийн төвөөр ороогүй, Дэлгэрийн постоор өнгөрч, Хонгор толгойгоор дайрсан. Тайширын амралтын газар нэг хоноод Завхан аймаг явсан.
БСУХ-ны газрын дарга жолоочтойгоо Хонгор толгойд очиж тосоод, Тайширын амралтын газар очиж байж байгаад оройдоо ирсэн. Тухайн хүмүүс харуулыг нь машиндаа суулгаж, Тайширын усан цахилгаан станцыг үзжээ. Ингээд Завхан аймагт очсон таван хүний гурвынх нь ХӨСҮТ-д өгсөн шинжилгээ эерэг гарсан.
Эдгээр хүмүүсийн нэгдүгээр хавьтал дөрөв, дам хавьтал 13 хүн байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүнийг тусгаарласан бөгөөд 13 хүн гэрийн тусгаарлалтад байна. Ногоон бүсэд байсан аймаг хүнд байдалтай нүүр тулаад байна. Ойрын хавьтал болсон хүмүүсийн шинжилгээ урьдчилсан байдлаар сөрөг гарсан. PCR шинжилгээний хариу гуравдугаар сарын 26-нд гарна” гэлээ.