📅

Иргэдийг өөрсдийн хүсэлтээр шинжилгээнд хамрагдахыг уриалав

🕔 2021/04/26 16:15

Иргэдийг өөрсдийн хүсэлтээр шинжилгээнд хамрагдахыг уриалав

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдол дөрөвдүгээр сарын 10-ны үеэр голомтолж эхэлсэн тухай ЭМГ-ын дарга Ц.Туяа мэдэгдлээ.

Коронавирусний халдварын нууц үе 1-14 хоног, манай улсад бүртгэгдсэн халдварын дундаж хугацаа нь 5,3 хоног байгаа. Халуурсан тохиолдолд шинжилгээ хийж голомтыг хөөн ажиллаж байна. Одоогоор 400 гаруй сорьцыг PCR, 600 орчим сорьцод түргэвчилсэн шинжилгээ хийгээд байна. Үүссэн нөхцөл байдал, голомтыг маш яаралтай цомхотгох зорилгоор иргэдийг өөрсдийнх нь хүсэлтээр шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэлээ” гэв. 

Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд аймгийн Шуурхай штабын 98009101, 70484067, 70480119 дугаарт холбогдож бүртгүүлэх юм. Ингэснээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн шинжилгээний багууд хүсэлтийн дагуу гэрт нь очиж шинжилгээ авах ажлыг зохион байгуулна. Иймд халдварын голомтыг богино хугацаанд хумих ажилд ард иргэдийг идэвх санаачилга гарган оролцож шинжилгээнд хамрагдахыг холбогдох албанаас уриаллаа. 

Одоогоор аймгийн Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Тавдугаар цэцэрлэг, Есөнбулаг сумын ЗДТГ, Нэгдүгээр сургууль, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Гуравдугаар цэцэрлэг гэсэн газрууд голомтын нэгдүгээр хавьтал болж бүртгэгджээ. Иймд өнгөрсөн долоо хоногт дээрх байгууллагуудаар орсон, үйлчлүүлсэн иргэд өөрсдийнхөө биеийн байдлыг хянаж ажиглахыг анхааруулсан юм.

Түүнчлэн коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 25-28-нд аймгийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд иргэдийн захиалгын дагуу хүнс, ус, эм, эмнэлгийн хэрэгсэл, түлээ нүүрсийг хүргэхээр шийдвэрлээд байна. Есөнбулаг сумын хэмжээнд хүнс түгээх найман дэлгүүр, махны нэг, түлээ нүүрсний хоёр иргэнд зөвшөөрөл өгч хүргэлтийн ажлыг зохион байгуулахаар болжээ. Цаашид ч хязгаарлалтын нөхцөл байдал үргэлжлэх төлөвтэй байгаа тухай Аймгийн онцгой комиссоос мэдэгдлээ. 

Аймгийн онцгой комиссоос тогтоосон хөдөлгөөний хязгаарлалтын дагуу аймаг тойрч постууд гарч 24 цагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс ард иргэдийг сумд болон бусад аймаг руу хөдөлгөөн үйлдэж алба хаагчдад хүндрэл үүсгэхгүй байхыг Цагдаагийн газраас анхаарууллаа. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол