Эрдэнээс Чандмань сум руу яваад сураггүй болсон хоёр иргэн нас барсан байдалтай олджээ
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзий багийн “Гозгор цахир” гэдэг газар энэ сарын 25-ны 11:00 цагийн орчим Эрдэнэ сумаас Чандмань сум руу хоёр иргэн явган яваад сураггүй болжээ. Тэднийг сураггүй болсон талаар албаныханд тухайн өдрийн 21:50 цагт мэдэгдсэн байна. Ингээд тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 40 настай Г /эрэгтэй/, 21 настай Б /эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Харамсалтай нь өчигдөр /2021.04.26/ 10:29 цагт Чандмань сумын 2 дугаар багийн “Хүнхэрийн-Ам” гэдэг газраас хоёр иргэний цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.
Мөн тус аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Хүрэмтийн-Ам” гэдэг газар 16 настай Л нь энэ сарын 25-ны 12:30 цагийн орчим Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэр лүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болжээ. Улмаар шөнө 00:40 цагт дуудлага өгч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 26-ны өдрийн 17:50 цагт “Нар-Уулын худаг” гэдэг газраас унаж явсан мотоциклыг нь олсон байна. Эрлийг тус багийн “Нар-Уулын садрага” гэдэг газраас “Сэрх богд”, “Толбот” гэдэг газар хүртэл 20 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:00 цагт түр зогсоож, өнөөдөр 08:00 цагт дахин эхлүүлээд байна.