Ж.Байден, Мүн Жэ Ин нар тавдугаар сарын 21-нд уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг тавдугаар сарын 21-нд Цагаан ордонд хүлээж авч уулзана. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдээлжээ. “Ерөнхийлөгч Ж.Байден БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Цагаан ордонд ирэх сарын 21-нд уулзах боломжийг тэсэн ядан хүлээж байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Ины айлчлал хоёр улсын бат бөх холбоо төдийгүй засгийн газар, ард түмэн, эдийн засаг хоорондын өргөн хүрээг хамарсан, гүнзгий хэлхээ холбоог онцлон харуулах болно. Цаашид холбоогоо бэхжүүлэх, нягт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт БНСУ-ын Ерөнхийлөгчтэй хамтран хүчин чармайлт гаргана гэж Ерөнхийлөгч Ж.Байден найдаж байна” хэмээн Псаки цохон тэмдэглэжээ. БНАСАУ-тай холбоотой нөхцөл байдал талуудын яриа хэлэлцээний гол сэдвүүдийн нэг байх аж. Энэ уулзалт нь Ж.Байдены нэгдүгээр сард тангараг өргөснөөсөө хойш гадаадын орны удирдагчтай биечлэн хийх хоёр дахь уулзалт нь болох юм.