УИХ-д “муу” дүн тавъя
УИХ-ын Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн долоо хоногт хуралдсангүй. Ерөнхий зургаар нь “timeout”-тай байлаа гэж хэлж болхоор. Ажлын хэсгийн хуралдаан гэсэн үгээр ар талаа халхавчилж ачир дээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшигчийн сурталчилгаанд тойрогтоо тормолзов.
Найм дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа эхлээд хоёр дахь улиралдаа хуралдаж буй. Харин хаврын чуулган эхэлснээс хойш хоёр дахь удаагаа ийнхүү долоо хоногоор ажлаа хийдүүлж байгаа нь энэ. Урьд нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-оос 16-нд мөн л иймэрхүү “тэг зогсолт” хийж байсан удаатай.
УИХ бол хууль тогтоох, хэрэгжилтийг нь хянах үндсэн үүрэгтэй байгууллага. Хууль тогтоох явц тасралтгүй байх учиртай. Тэгснээс сонгууль зохион байгуулдаг, хэн нэг нэр дэвшигчийг дэмжиж “адуу дагаж илжиг тожигнов” гэдэг шиг даган хуйлардаг, ээлжит чуулганы хугацаанд парламентын хүрэн зандан танхимаа долоо, долоо хоногоор эзэнгүйрүүлэх учиргүй баймаар. Олонхийн бүлгийнхэн ингэж нэр дэвшигчээ тойрогт тордож явах зуур УИХ дахь АН бүлгийн гишүүд лааз өшиглөж, тааз ширтсэн шиг сууна. М.Тулгат даргатай АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ тэдэнд огтхон ч падгүй болхоор өөрөөр яах билээ .
Монголын парламент өнөөдөр нэг иймэрхүү дүр зурагтай байна. Уул шугамандаа Г.Занданшатарын тэргүүлсэн энэ УИХ Үндсэн хуулийг амилуулах онцгой үүрэг хариуцлага үүрч буй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олон органик хуулийг эцэг хуультайгаа уялдуулах өөрчөлөлийг хийнэ.
Шинэ парламентын анхны хуралдаан дээр Г.Занданшатар “Монгол Улсыг сэргээн мандуулах эрхэм үүрэг гишүүд та бидэнд оногдож байна.” хэмээн онцолж байсан нь бүдгэрээд явчихав уу, яав.
УИХ-ын энэ хаврын чуулганаар нийтдээ 50 хууль хэлэлцэж батлахөөр төлөвлөсөн. Энэ дунд долоо хоногоор байтугай цаг минутаар хойшлуулмааргүй чухал хуулиуд бий. Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Кибер аюулгүй байдлын, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын тухай хуульд оруулах өөрчөлт, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай гэхчлэн иргэдийн дунд хүлээлттай цөөнгүй хууль бий.
Энэ хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. Үндсэндээ гурван сарын хугацаа өнгөрчихөж. Харин мөнөөх 50 хуулиасаа хэдийг нь гараас гаргав гэж харахаар арай л чамлалттай. Энэ хугацаанд хоёр хуулийн төслийг төсөл санаачлагчид буцааж, нэг хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг дэмжиж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаасан гэдгийг эх сурвалжууд онцолжээ.
УИХ-ын хаврын чуулган хуваарь ёсоороо Үндэсний их баяр наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын эхний 10 хоногт багтан завсарлана. Үндсэндээ сар гаруйханы хугацаа. Бүтэн гурван сард ганц хоёрхон хуулийн төслийг гараас гаргасан парламент төлөвлөсөн 50 хуулийн төслөө ганцхан сард хэлэлцэж батална гэвэл бараг л боломжгүй байх. Баталдаг юмаа гэвэл хуулийн чанар, хэрэгжих байдлаараа хэр зэрэг болох вэ гэдэг нь бас эргэлзээтэй, бушуу туулайн үлгэр болж мэдэх юм.
П.Булган
2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд:
"Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
"Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
"Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл;
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Судалгааны их сургуулийн тухай анхдагч хуулийн төсөл;
“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Эрдэс баялгийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл;
Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хуулийн төсөл;
Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай анхдагч хуулийн төсөл;
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл;
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай анхдагч хуулийн төсөл;
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл;
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
TOIM.MN
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад