Л.Энхсайхан: 12-оос доош насны хүүхдүүдэд вакцин хийх эсэхийг судалж байна
ЭМЯ-наас коронавируст халдварын талаар хүргэдэг ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хүүхдийн вакцины талаар дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрээр "Дэлхийн зарим оронд 12-оос доош насны хүүхдэд вакцин хийж эхэлсэн. Харин манай улсын хувьд бусад орны туршлагыг судалж байна. Үүнийг бид маш сайн судлах шаардлагатай ба судалгааны ажил үргэлжилж байна. Аюулгүй байдал талаас нь сайтар судалсны үндсэн дээр дараагийн шийдлийг гаргана.
Манай улсад 12-оос дээш насны 290 мянга гаруй мянган хүүхдэд вакцин хийхээс 250 мянга гаруй хүүхэд вакцинд хамрагдаад байна
Коронавирусийн эсрэг хүүхдийн вакцин нь өмнө нь хийж байсан улаан бурхан, томуугийн эсрэг гэх мэт товлолт вакцинуудтай төстэй ба хэрэв эдгээрийг хийлгэхэд хариу урвалын хүнд шинж тэмдэг илрээгүй, хөнгөн байсан бол коронавирусийн эсрэг вакциныг хийлгэхэд мөн л адилхан байна гэсэн үг юм. Вакцинууд нь ердөө үүсгэгчийн эсрэг үрэвсэлд чиглэсэн өөр өөрийн онцлогтой. Вакцин хийлгэснээр хүүхэд хичээл сургалтаасаа хоцрохгүй байх, ганцаардахгүй байх, нийгмийн хэвийн амьдралдаа орох гээд олон давуу талтай. Хичээл сургууль эхэлж байгаа учраас вакциндаа хамрагдаагүй хүүхдүүдийг вакцинаа хийлгэх, мөн ажил олгогчид ажилтнуудаа хүүхдээ вакцинжуулах үйл явцыг дэмжиж, чөлөө олгохыг зөвлөж байна.
Одоогоор манай улсад 12-оос дээш насны 290 мянга гаруй мянган хүүхдэд вакцин хийхээс 250 мянга гаруй хүүхэд вакцинд хамрагдаад байна. Үүнд 12-15 насны 180 мянга, 16-17 насны 73 мянган хүүхэд байна" гэлээ.