З.Мэндсайхан: Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл сайн байна
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы мэдээллийг сонсов. Дэлхий нийтээр өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байх хугацаанд байгаль цаг агаарын хүндрэл учирсан хэдий ч малчин, тариаланч, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчийн хүчин чармайлт, техник, технологийн шинэчлэл, төр засгаас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, дэмжлэгийн дүнд хөдөө аж ахуйн салбарт чамлахааргүй амжилт гаргаж байгааг салбарын сайд мэдээллийн эхэнд онцлов.
Энэ жил байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үргэлжилсэн их бороо, үер, хүчтэй мөндөр, гэнэтийн хүйтрэлт, зарим бүс нутагт тохиолдсон хэт халалтын улмаас 12.2 мянган га талбайн ургац болц дутуугаас ногоон тэжээлд шилжиж, 5.3 мянган га талбай ургац ганд өртөж, 1.3 мянган га талбайн ургац мөндөрт цохиулсан бол төмс, хүнсний ногооны 961 га талбай үерт өртжээ. Ургац хураалтын ажил өнгөрсөн сарын 15-наас эхэлж өнөөдрийн байдлаар 63 мянган га талбайг ангилан хадаж, 210 мянган га-аас 310 мянган тонн үр тариа, үүнээс 293 мянган тонн улаан буудай, 15.2 мянган га-аас 145 мянган тонн төмс, 7.3 мянган га-аас 92 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган га-аас 86 мянган тонн тэжээлийн ургамал, 30 мянган га-гаас 17 мянган тонн тосны ургамал тус тус хурааж авчээ. Ингэснээр үр тарианы хураалт 52.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 76-77 хувьтай, тэжээлийн болон тосны ургамлын хураалт 30.6 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар илүү байна.
ХҮНСНИЙ БУУДАЙ 90.4 МЯНГАН ТОННЫГ НИЙЛҮҮЛЖ, 3100 ТОНН МАХ БЭЛТГЭЖЭЭ
Орон нутгаас ургац хураалтын ажилд найман мянга гаруй оюутан, сонсогч, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга ирүүлсэн. Засгийн газрын 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох яамд болон Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран "Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж ажилласнаар өнөөдрийн байдлаар 1.7 мянган цэрэг, 1.9 мянган оюутан, 7.4 мянган халамжийн болон гэрээт ажилтан, нийт 11.1 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ургац хураалтад ажиллаж байна.
Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд, Хөдөө аж ахуйг дэмжих санд 90.4 мянган тонн хүнсний буудай нийлүүлсэн. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тонны багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж, намрын ургац хураалтаас буудай хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газрын 216 дугаар тогтоолоор 2021-2022 оны өвөл, хаврын улирлын махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх ажлыг 17 аж ахуйн нэгж гүйцэтгэж байна. Энэ сарын 5-ны байдлаар 3100 тонн мах бэлтгэсэн. Цаашид нэг сарын хугацаанд нийт бэлтгэх махны 60 хувиас доошгүйг бэлтгэн нөөцлөхөөр ажиллаж байгааг салбарын сайд мэдээллээ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ЦАЛИН, УРАМШЛУУЛЛЫГ НЭМЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэх байснаас "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн санаачлагч болон байнгын хорооны дарга байхгүй тул хойшлуулж, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адъшаа танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Ё.Баатарбилэг /УИХ-ын гишүүн/:
- УОК-ийн гол ачааг онцгой байдлын алба хаагчид үүрч байгаа. Цар тахалтай холбогдуулан нийгмийн баталгаа, цалин хөлсөнд ямар өөрчлөлт орсон бэ, нэмэгдэл, урамшуулал 2022 оны төсөвт суусан уу, ийм боломж байгаа юу?
Б.Баттөмөр /Аюулгүй байдал, гадаад байдлын байнгын хорооны дарга/ :
-Байнгын хорооны гишүүд асуудлыг хэлэлцээд дэмжсэн байгаа.
Г.Ариунбуян / Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал/:
-Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа нийт албан хаагчдад улирал тутам нэмэгдэл урамшуулал олгож байгаа. Мянга гаруй алба хаагч цар тахлын халдвар авсан. Хүн нэг бүрт 500 мянган төгрөгийн тэтгэмж олгосон.
Ц.Сэргэлэн / УИХ-ын гишүүн/:
-Цар тахлын нөхцөл байдлын үед хэрэгжиж байгаа хууль эрх зүйн акт энэ оноор дуусна. Гэтэл ннөхцөл байдал цааш үргэлжилвэл яах вэ, одоо байгаагаас ч аюултай байдал бий болбол яах вэ? Шинээр хууль гаргахгүй бол болохгүй.
Г.Ариунбуян /Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал/:
-Цаашид цар тахлын нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй учраас хуулийн хэрэгжилт, явцад дүн шинжилгээ хийхээр ажиллаж байна. Түүнд үндэслэн цар тахлын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдана.
Б.Пүрэвдорж /УИХ-ын гишүүн/:
-Энэ байгууллагыг дэмжих нь төрийн үүрэг. Цар тахлын үед онцгой байдлынхан сайн ажиллаж байна. Алслагдмал бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад урамшуулал олгох хуулийн төсөл санаачилж оруулж ирж байгааг дэмжинэ.
Гишүүдийн асуулт, хариултын дараа саналыг нэгтгэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Гишүүдийн олонх нь УОК, Онцгой байдлын алба хаагчид цар тахлын үед бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг онцолж байлаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.18 Даваа № 204 (6681)
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад