📅

Шөнө дундын яриа

🕔 2017/08/31 09:26

МАН хуралдаж байна. Харамсалтай нь тэд хөгжлийн тухай биш чи, би ямар албан тушаалд байх вэ гэдгээ л ярилцаж сууна. Уржигдар эхэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өчигдөр бас үргэлжиллээ. Тэд шөнө ч унтаагүй байна. 22:00 цаг өнгөрөөж бүлгийнхээ хурлыг дуусгаад шөнө дунд хүртэл нэр бүхий дөрвөн хүн уулзжээ.

 

Шөнө дундын яриа

 

Уулзалтад УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар байжээ. Сүүлийн үед гарч буй мэдээллээр У.Хүрэлсүх ганцаараа, нөгөөдүүл нь нэг тал юм. Ийм нөхцөлд У.Хүрэлсүх нөгөөдүүлтэйгээ уулзана гэдэг "МАН-ынхан тохирч эхэллээ” гэсэн үг. Уржигдар болсон МАН-ын бүлгийн хурлаас харахад Ц.Нямдорж уурандаа "...Алив наад бичгээ аваад ир” гэж байгаад зурчихсан болохоос өнөөх 30-аас тун цөөхөн гишүүн хуралд орж байр сууриа хамгаалжээ. Гэвч 31 гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурна гэдэг тоглоом биш. Аргалаад өнгөрөөх ажил ч биш.

 

Явсаар тэдний энэ хэрүүл улс орны хэмжээний асуудал, ялангуяа эдийн засгийн илүү хүндрэл рүү түлхэж магадгүй болж байгаа. МАН-ынхан мэдээж, энэ зэргийн эрсдлийг мэдэрцгээж л байгаа. Тийм учраас нэг талаас У.Хүрэлсүх, нөгөө талаас нөгөөдүүл нь уулзсан байна. Харин тэд юу ярьсан бэ гэдэг анхаарал татаж таарна. Хамгийн түрүүнд тохирох асуудал бол Шадар сайд, У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай асуудлууд юм. Бүлгийн хурал нь дууслаа л бол Байнгын хороогоор хэлэлцэх гээд хүлээгдэж байгаа. Шадар сайдыг дагаж мөрдсөн тухайд АТГ-ын мэдэгдэл эрх баригчдын хийх гэж буй алхмыг илэрхийлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх өөрийгөө тагнажээ гэдэг шийдлийг хуулийн байгууллагынхан гаргах ёстой болно.

 

Бас өөр ноцтой зүйлчлэлүүдийг ч У.Хүрэлсүхэд зориулж бэлдсэн байж болзошгүй гэх мэдээллийг зарим эх сурвалжаас өгөөд байгаа. Ер нь бол шуудхан хэлэхэд энэ асуудал эргээд У.Хүрэлсүхэд хазаар биш юм гэхэд ногт болоод байгааг хашир хүмүүс хэлээд байгаа юм. Одоогийнхоор бол "нээнтэг” юм уу даа. Ерөнхий сайдыг огцруулах 31 гишүүний санал бол МАН-д У.Хүрэлсүхийнхээс ч том асуудал. Энэ Засгийн газар огцорно гэдэг Ж.Эрдэнэбатын гэхээсээ М.Энхболдын эрх ашгийг илүү хөндөнө. Тийм учраас үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас илүү УИХ-ын дарга М.Энхболд илүүтэй хөндүүрлэж байгаа. Гэлээ гээд гүрийх арга одоо байхгүй. Энэ Засгийн газар олон нийтийн аль хэдийнэ огцорсон ч байж мэднэ. Ж.Эрдэнэбат яахав дээ, УИХ-д хоёр дахиа сонгогдсон. Энэ богинохон цаг хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллачихлаа. Засгийн газар нь унана л биз.

 

Залуу хүн дахиад л гараад ирнэ. Одоо ч карьераа зогсоохгүй. Үргэлжлүүлээд намын даргад зүтгэнэ гэж байгаа. 2007 онд доо, одоогийн УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга байсан. Гэтэл Элчин сайд асан С.Баярт нэг өдөр, нэг хурал дээр хамаг байдгаа мултлуулж байв шүү дээ. Тэр Их хурлын танхим руу Ерөнхий сайд, МАН-ын дарга гэж орсон М.Энхболд хэдхэн цагийн дараа МАН-ын жирийн нэг гишүүн болоод гарч ирсэн юм. Гэтэл тэр буцаад л ирсэн. Ирэх ирэхдээ ийм хүчтэй, бяртай болж ирсэн. Одоо хар, түүн шиг баяр чадалтай, эрх мэдэлтэй хүн өнөөдөр Монголд алга. Гэхдээ тэр ёс зүйн хариуцлага хүлээж өөрөө албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн. Ийм хүмүүс уулзсан байгаа юм. Өө тийм, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бас байсан. Энэ хүн бол Москвад сургууль төгсч ирснээсээ хойш дан ганц Дархан хотод ажиллаж амьдарсан. Дарханы Засаг даргаар 2000-2008 оныг хүртэл ажилласан.

 

Ингээд 2008 оны УИХ-ын сонгуульд Дархандаа өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, богино хугацаанд ч гэсэн Сангийн сайдаар ажиллаж байсан. Одоо УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болсон. Д.Хаянхярваа УИХ дахь намын бүлгийн даргын хувьд уу, М.Энхболдын ойр хүмүүсийн дунд эрэмбэ өндөртэй юу, лав энэ зун болсон томчуудын нууцлаг уулзалт бүрт л оролцсон. Энэ тухай хэвлэлүүдийн мэдээллээс харж болно. Наадмын дараахан экс Ерөнхийлөгчтэй МАН-ын томчуудыг уулзахад Д.Хаянхярваа байсан тухай хэвлэлүүд мэдээлсэн. Бас саяхан "Эрдэнэт үйлдвэр”-ийн Сэлэнгэ амралтад нэр бүхий гурван хүн уулзсаны нэг нь тэр байсан тухай хэвлэлд бас бичжээ. М.Энхболд, У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарын шөнө дундын уулзалтаар дараагийн Ерөнхий сайдын талаар ярилцсан гэж байна.

 

Зөвхөн Ерөнхий сайдыг ч бус дагаад яригдах Засгийн газрын бүтэц, УИХ-ын дарга, МАН-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийн асуудал ч бас сөхөгдсөн тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Гэхдээ тэд энэ удаад эцсийн шийдэлд хүрээгүй ажээ. Энэ том намын, тэгээд Монгол Улсын төрийн томилгоо яригдаж байгаа учраас нам доторх бусад нөлөө бүхий хүмүүстэй зөвшилцөхөөр болсон байна. Бидэнд байгаа мэдээллээр М.Энхболд намын даргын ажлаа өгсөн ч УИХ-ын даргын албатайгаа үлдэнэ. Ж.Эрдэнэбат намын даргад зүтгэнэ. У.Хүрэлсүхийн хувьд намын даргад өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Тэгэхээр МАН-ын Бага хурал, улмаар Их хурлаар энэ хоёр хайнаа хагалах бололтой. Харин Ерөнхий сайдыг УИХ дотроос томилж магадгүйгээр ярьсан байна. Түүнчлэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, МАН-ын удирдах багийг бусадтайгаа ярилцаж зөвшилцөх шийдэлтэйгээр таржээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол