“ИРЭЭДҮЙ-АЛТАЙ” холбооны чуулганаар залуучуудын нийгмийн хөгжлийн асуудлыг түлхүү хөндлөө
Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооны ээлжит VI их чуулган амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд тус аймгийн 18 сумын төлөөлөл 220 гаруй залуус, оюутан оролцож, аймгийнхаа боловсролын чанар, залуучуудын эрүүл мэндийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, ажлын байрны хомсдолын талаар санал, бодлоо хуваалцаж, холбооны зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.
“Ирээдүй-Алтай” холбооны тэргүүн М.Өлзийбат 2018-2022 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дэлгэрэнгүй тайлагнаж, “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төсөл, “Цагийн зөрүү” залуус хөгжлийн форум, “Түүчээ залуус” төсөл, ажлын байрны өдөрлөг зэрэг ТОП-10 ажлаа танилцуулсан.
Өнгөрсөн хоёр жилд цар тахлын нөхцөл байдал холбооны үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр сааруулсан ч “Infinite Altai” цахим цуврал контент, “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийг эхлүүлсэн нь амжилттай хэрэгжиж, Монголын Оюутны Холбооноос 2021 оны орон нутгийн шилдэг холбоогоор шалгаруулсан гэдгийг чуулганы үеэр онцолж байлаа.
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, поп дуучин С.Бичүү “Будаггүй уруулын амт”, дуучин, хөтлөгч Л.Сүхбаатар “Эрин зууны залуус” зэрэг дуугаараа мэндчилгээ дэвшүүлж, чуулганы төлөөлөгчдөд амжилт хүслээ.
Мөн “Ирээдүй-Алтай” холбооны бодлогын хорооны гишүүн, ХААН банкны салбарын захирал, илтгэгч М.Батбаяр, БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга, Монголын Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар илтгэл тавьж, бусдыг шүүмжлэхийн оронд, өөрийгөө хөгжүүлж, өөрсдөө манлайлахыг уриаллаа.
Ээлжит VI их чуулганаар холбооныхоо зарим дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулж, удирдах болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэв.
Тус холбооны Удирдах зөвлөл нь Бодлогын хороо, Бодлогын хэрэгжилтийн хороо гэх хоёр дотоод бүтэцтэй бөгөөд Бодлогын хорооны бүрэлдэхүүнийг аймгийн их чуулганаар, Бодлогын хэрэгжилтийн хорооны бүрэлдэхүүнийг сумдын бага чуулганаар сонгодог дүрэмтэй юм.
Удирдах зөвлөлийн Бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон залуус
1. Б.Азжаргал (“Ирээдүй-Алтай” холбооны гүйцэтгэх захирал)
2. Н.Амартүвшин (БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга, Монголын Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч)
3. З.Алтантуяа (“Элит эдүкэйшн” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал)
4. Н.Энхбаатар (“Эртэч Монгол” хөтөлбөрийн санаачлагч, “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийн удирдагч)
5. Г.Нямбаяр (NTV телевизийн сэтгүүлч)
6. Г.Наранцэцэг (“Сигма хүнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал)
7. М.Өлзийбат (“Алтайн хар азарга” группийн захирал)
8. Т.Сайхнаа (“Ирээдүй-Алтай” холбоог үүсгэн байгуулагчдын нэг, сэтгүүлч)
9. Н.Мягмарсүх (Монголын Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга)
10. А.Баярсүрэн (Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний II төвийн нягтлан бодогч)
11. Э.Нарандулам (“Ирээдүй-Алтай” холбоо Бодлогын хэрэгжилтийн хорооны гишүүн)
12. Б.Базархуяг (Бэрх богд ХХК-ийн захирал)
13. Ө.Түвшинзаяа (Санхүү, эдийн засгийн их сургуулийн II дамжааны оюутан)
“Ирээдүй-Алтай” холбооны үндсэн дүрмийн дагуу чуулганы төгсгөлд Удирдах зөвлөл хуралдаж, гишүүдийн олонхын саналаар холбооны 6 дахь удаагийн Тэргүүнээр Т.Сайхнаа, Дэд тэргүүнээр Н.Амартүвшин, З.Алтантуяа, Б.Азжаргал нарыг сонгов. Холбооны 5 дахь тэргүүн М.Өлзийбат тамга, тугийг удирлагын шинэ бүрэлдэхүүнд гардуулж, ажилд нь амжилт хүслээ.
Шинэ тэргүүн Т.Сайхнаа холбооныхоо нэрийн хуудас болсон уламжлалт ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ холбооны зорилго, бодлого, агуулгыг шинэ шатанд гаргаж ажиллахаа илэрхийлэв.
Их чуулганаар холбооны хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулдаг дүрэмтэй бөгөөд дараах залуусыг төлөөлөгчдийн олонхын саналаар сонгов.
“Ирээдүй-Алтай” холбооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон залуус
1. Д.Нандинцэцэг (Швейцар улсын хөрөнгө оруулалттай “Хүүхдийн баясгалан” ТББ-ын орлогч захирал)
2. Д.Баярцэнгэл (АШУҮИС-ийн 5 дугаар дамжааны оюутан)
3. М.Тодбилэг (“Ирээдүй-Алтай” холбоо Бодлогын хэрэгжилтийн хорооны гишүүн)
Их чуулганы үеэр Төгрөг сумын харьяат, МУИС-ийн оюутан Диваабалжирын Мөнгөнсүх, Цогт сумын харьяат, МУБИС-ийн оюутан Бадрахын Гантөгс, Эрдэнэ сумын харьяат, Мандах их сургуулийн оюутан Болдбаатарын Сүнжидмаа нарыг Монголын оюутны холбооны “Манлайгч оюутан” медалиар, Есөнбулаг сумын оюутан, залуучуудын салбар зөвлөлийн дарга Үүрцайхын Отгонзаяаг “Ирээдүй-Алтай” холбооны хүндэт шагнал “Түүчээ залуу” медалиар шагнаж, сурлага, хөдөлмөрөөрөө илүү сайн манлайлахыг хүсэв.
Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбоо нь 2003 онд байгуулагдсан бөгөөд нам, улстөрийн харьяалалгүй, ашгийн бус, залуучууд, оюутнууд сайн дураар эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага юм. Тус холбооны тэргүүнээр 2003-2006 онд Р.Цогтбаатар, 2006-2008 онд Ц.Дашдорж, 2009-2013 онд Б.Сүхбаатар, 2013-2018 онд Ж.Амарсанаа, 2018-2022 онд М.Өлзийбат нар ажиллаж иржээ.
“Ирээдүй-Алтай” холбоо болон түүний салбар зөвлөлүүд 2003 оноос хойш эрдэм шинжилгээний бага хурал, урлаг, спортын наадам,
- “Good students” сургалтын тэтгэлэгт хөтөлбөр,
-“Цаст Сутайн урлан” залуу зураачдын үзэсгэлэн,
- Монгол Улсын ардын зураач Б.Чогсомын нэрэмжит зургийн уралдаан,
-“Болор цом”-ын эзэн яруу найрагч Т.Очирхүүгийн нэрэмжит “Урам хайрла” яруу найргийн наадам,
- “Ажлын байр” нээлттэй өдөрлөг,
-“Алтайчуудын бэсрэг наадам” спорт-урлагийн өдөрлөг,
-“Салхи” уран илтгэлийн уралдаан зэрэг 20 гаруй ажил, арга хэмжээг тодорхой давтамжтайгаар уламжлал болгон зохион байгуулж ирсэн байна.
2021 оноос “Сэтгэлийн хүчээ ирээдүйд" төслийг нутгийн хүчитнүүдийн “Хантайшир” бөхийн дэвжээтэй хамтран хэрэгжүүлж, нутаг сэтгэлтэй олон хүний дэмжлэгтэйгээр 1 тэрбум төгрөгийн спорт заалыг Алтай хотод барьж байгуулж байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 58 сая төгрөгний нярайн амьсгалын аппаратыг хүлээлгэн өгөөд байгаа билээ.