Б.СУВДМАА: Говь-Алтай аймаг “Булгийн өдөр”-тэй болсон
Хүн мал, зэрлэг амьтдын усан хангамжид чухал нөлөөтэй булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлын талаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллага хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Содмаатай ярилцлаа.
-Говь-Алтай аймаг говь хээрийн бүс нутагт булаг шандны эхийг хашиж хамгаалах аргачлал, заавар, жишиг зураг, хамгаалсан булгийн гэрчилгээ, мониторингийн дэвтрийн загварыг нэгдсэн журмаар боловсруулжээ. Ингэх ямар шаардлага байсан юм бэ. Ач холбогдол нь юу вэ?
-Манай аймгийн хувьд 2004 онд анх модон шон өргөстэй тороор булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлыг эхлүүлэн, өөрсдийн арга барилаар сайн хийгдсэн булгийн хамгааллыг жишээ болгон ажлын даалгавар боловсруулан өнөөдрийг хүртэл 19 жил тасралтгүй зохион байгуулж 203 булаг шандны эхийг хашиж хамгаалаад байна.
Мэдээж эдгээр 203 булаг шандыг хамгаалахад дан ганц төсвийн санхүүжилтээр биш тус аймагт үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрийн байгууллага, хувийн аж ахуйн нэгж байгууллагын санхүүжилтээр хамтран зохион байгуулдаг. Харин санхүүжилт гаргаж байгаа байгууллагууд өөрсдийн арга барил, мөнгө санхүүгийн байдалд тохируулан өөр өөр материал, хэлбэр хийц ашиглан хамгаалсан нь сайн муу янз бүр, мөн булгийн нэвчих талбайгаас гадуур дотуур хамгаалах нь цаашлаад илүү олон жил ашиглагдахгүй болох зэргээр асуудал дагуулдаг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор говь хээрийн бүс нутагт булаг шандны эхийг хашиж хамгаалах аргачлал, заавар, жишиг зураг, хамгаалсан булгийн гэрчилгээ, мониторингийн дэвтрийн загварыг нэгдсэн журмаар боловсруулан аймгийн Засаг даргын 2023 оны А/72 дугаар захирамжаар батлуулан мөрдөн ажиллаж байна.
Булаг хамгаалах ажлыг захиалагч мөнгөндөө тааруулж, гүйцэтгэгч өөрсдийн арга барилаар хамгаалснаар янз бүрийн хэмжээ хийцтэй, хамгаалагдах талбай бүрэн хамрагдахгүй зэргээр үр дүнгүй болох байдал үүгээр халагдаж байна. Түүнчлэн хамгаалсан булаг тухайн сумын эд хөрөнгөд бүртгэгдэн гэрчилгээ бичигдсэнээр хариуцах эзэн, цаашдын арчилгаа хамгаалалт ашиглагчдад шилжих, хамгаалснаар гарах үр дүнг бодит байдлаар тооцож үнэлэхэд шаардлагатай тоон үзүүлэлтийг олон жилээр бүрдүүлэх мониторингийн дэвтэр бичигдэх ач холбогдолтой юм.
-Аймгийн БОАЖГ-ын зүгээс булаг шандын эхийг хашиж хамгаалахад хэр анхаарал хандуулан ажилладаг вэ. Хэдэн булаг хашиж хамгаалаад байна вэ?
-Манай газрын зүгээс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг бүрэн хангаж 2011 оноос хойш Ус, рашаан ашигласны төлбөрийн 35-аас доошгүй хувийг жил бүр тогтмол зарцуулан 18 сумын хэмжээнд усны эх үүсвэрийг хамгаалах нөхөн сэргээх, булаг шандны эхийг хашиж хамгаалах, хөв цөөрөм байгуулах, сэргээн засварлах, мөн голыг хамгаалалтын бүс тогтоох тэмдэгжүүлэх загон татаж дэглэмийг мөрдүүлэх зэрэг ажлыг жил бүр тасралтгүй зохион байгуулсаар ирлээ. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд (БХНСАХ) зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын зардлаар 83 булаг хамгаалж гадаргын усыг хамгаалах нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулсан.
Мөн сүүлийн жилүүдэд уул уурхайн ААН байгууллагуудын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд булаг хамгаалах ажлыг тусгуулан нөлөөллийн бүсийн дагуу зургаан булгийн эхийг хувийн байгууллагын санхүүжилтээр хамгаалах ажлыг зохион байгууллаа.
-Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай энэ чиглэлээр хэрхэн хамтран ажилладаг вэ?
-Манай аймагт Монгол орны 33 говийн 13 нь багтдаг, нэн ховор амьтан ургамлын өлгий нутаг. Энэ сайхан нутгаа хамгаалах, нөхөн сэргээхэд төрийн байгууллагын хараа хяналт, төсөв санхүү хаанаа ч хүрэхгүй учир бидэнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар маш их дэмжлэг болж байна. 2019 оноос булаг хамгаалах ажилд хамтран оролцож экоклубын хүүхдүүдийн санал болгосон булаг хамгаалах төслийг дэмжин 30 булаг хамгаалах ажлыг бөхөнгийн бүс нутаг болох долоон суманд амжилттай зохион байгуулж цаашдын арчилгаа хамгаалалт, мониторинг хийх ажлыг өнөөдрийг хүртэл тасралтгүй дэмжин ажиллаж байгаа юм. Иймд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олонд, аймаг орон нутгийн иргэд болон БОАЖГ-ын хамт олны зүгээс баярлаж талархаж явдгаа илэрхийлмээр байна.
- Булгийн эхийг хашиж хамгаалах бол нэг ажил. Эзэнжүүлэн сум, малчин, эко клуб гэсэн гурвалсан гэрээ байгуулж байсан гэсэн. Одоо булгийн гэрчилгээтэй болжээ. Мониторинг хийх нь бас чухал байх, эдгээрийн талаар ярина уу?
-Хамгаалсан булгаа илүү олон жил ашиглах ашиглагч нь хамгаалагч байх зарчмаар 2019 оноос хойш малчин, эко клуб гэсэн гурвалсан гэрээ байгуулж шон тор тус бүрээр нь малчдад хариуцуулж засаж сэлбүүлдэг байсан бол одоо бид орон нутагтаа баримтлах боломжтой нэг загварын хамгаалсан булгийн гэрчилгээтэй болж байна. Хөтлөх зааврын дагуу 2 хувь үйлдэгдэн сум орон нутгийн эд хөрөнгө болж бүртгэгдэн, ойр орчинд нутагладаг малчин хариуцагч болж, тодорхой мэдээллүүдийг бүртгэн цаашид хөтлөн хариуцаж хамгаалснаар хамгаалсан булаг эзэнтэй болж байна гэсэн үг.
Мөн булгийг хамгаалаад, эзэнжүүлээд орхих биш хамгаалснаар гарах үр дүнгээ бодитоор тооцоолох зорилгоор мониторинг судалгааг шаардлагатай үзүүлэлтээр хавар газар гэсэх, намар газар хөлдөх үеэр жилд 2 удаа хийх заавар зөвлөмжтэй мониторингийн дэвтэр боловсруулсан. Ингэснээр бид булаг хамгаалаад гадаргын усны эх үүсвэрт хэдэн м3 ус хуримтлуулж, малчдын усны чанарыг хэрхэн сайжруулсан, нэвчих талбайг хэрхэн нэмэгдүүлснээ олон жилээр тооцож харуулах боломж бүрдэж байгаа юм.
- Булаг хамгаалах өдөртэй болсон гэсэн. Хэзээ болдог вэ. Энэ өдөр ямар үйл ажиллагаа явагддаг вэ?
-Булаг хамгаалагдсанаар нэвчих талбай томорч хавар намрын хөлдөлт гэсэлтээр тор, шон сулардаг, мөн бод малын нөлөөгөөр унадаг, цаашлаад ашиглагчийн буруу үйлдлээс болж эвдрэх зэрэг олон сөрөг нөлөө байгаа. Эдгээр эрсдэлийг бууруулах зорилгоор унасан шонг босгож, эвдэрсэн торыг засаж сэлбэн, орчны бохирдлыг цэвэрлэх ажлыг нутгийн иргэд, экоклубын хүүхдүүдийг оролцуулан жил бүрийн 5,10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж байхаар аймгийн Засаг даргын 2022 оны захирамжаар Говь-Алтай аймаг анх удаа “Булгийн өдөр”-тэй болсон.
Өнгөрсөн жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар дэмжлэг үзүүлэн 7 булгийг засаж сэлбэн орчны бохирдлыг цэвэрлэж, мониторинг судалгаа хийх ажлыг амжилттай зохион байгуулсан. Энэ онд илүү өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэхээр төсөв санхүүжилтийг БХНСАХ зардлаас 20,700.0 төгрөг шийдвэрлүүлэн бэлтгэл ажлыг хангаж байна.
-Булаг хашиж хамгаалахад сум орон нутгийн оролцоо, ялангуяа санхүүгийн дэмжлэг байдаг уу. Малчдын оролцоо хэр байгаа бол?
-Булаг хамгаалах ажил бодит үр өгөөжөө өгч эхэлснээр нутгийн иргэд, орон нутгийн оролцоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 3 жилийн байдлаар малчдын хандив тусламж нэлээдгүй байсан, өөрсдийн боломж бололцоогоор 500.0-1,000.0 төгрөгийг тухайн булгийг хамгаалах ажилд хандивлаж 5 малчин хамтран ажилласан байгаа. Цаашид малчид болон сум орон нутгийн оролцоог илүү сайжруулах, нутгийн иргэдийн манлайллыг бий болгох нь чухал байна. 2022 оноос Байгалийн нөөц ашигласны төлбөрийг зарцуулах, тайлагнах журамд өөрчлөлт орж Ус ашигласны төлбөрөөс бусад төлбөр суманд ордог боллоо. Мөн малын тоо толгойн албан татвараас бүрдсэн орлогыг сум орон нутаг бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад зарцуулах боломжтой болсон. Иймээс сумдын Засаг дарга нар орон нутгийн төсвөөр булаг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулж хамтран ажиллах боломжтой гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа.
Х.Батбаяр
https://ergelt.mn/news/131/single/31239