📅

Ц.БАЯНМӨНХ: Хүний сэтгэл, нандин дурсамж нутгаасаа явдаггүй

🕔 2024/04/05 12:55

Манай улсын 102 сум 2024 онд 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ. Тэдгээр сумдын нэг Говь-Алтай аймгийн Цээл сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, “ББМНТ” компанийн захирал Цэдэвийн Баянмөнхтэй ярилцлаа.

-Говь-Алтай аймгийн Цээл сумын онцлог, цээлчүүдийн бахархал юу вэ гэдэг асуултаар яриагаа эхэлье.

- Улсын хэмжээнд 330 сум бий. Цээл нэртэй хоёр сум байдгийн нэг нь манайх. Манай сум хэд хэдэн онцлогтой. Байгаль, газар зүйн байршлын хувьд хойд талаараа Хар азаргын нуруу, баруун талаараа Хөвчийн нуруу, өмнө талаараа Таянгийн нуруугаар хашигдсан уудам хөндийд тархан суурьшсан хүн ард юм. Зөвхөн сүүлийн 100 гаруй жилийн түүхийг нь таслаад харвал хуучин Засагт хан аймгийн Дайчин вангийн хошуу, түүний залгамжлал Хантайшир уулын аймгийн Бүсхайрхан уулын хошууны Харнууд отгийн суурин дээр үүсэн байгуулагдаж, баруун хил дагуух хүн ардын нүүдэл, суудал, дүрвэлт, хэлмэгдүүлэлтийн гашуун түүхийг туулж ирсэн хүмүүсийн үр удам үржиж дэлгэрсэн нутаг юм.

     Говь-Алтай аймгаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар П.Осор, хад өргөдөг гэх домогтой “Чөхөөн” Билэгт, түүний араас төрсөн улсын гарьд, начингууд, академич Б.Рагчаа тэргүүтэй эрдэмтэд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, салбар бүрийн гавьяатуудаараа бахархаж явдаг маш ажилсаг, хичээнгүй хүн ард юм. Таван хошуу малын төрөл бүхэнд тохиромжтой нутаг. Тийм ч учраас Цээлийн малчид цагаан идээ боловсруулах, тэр дундаа ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах өвөрмөц арга, ухаантай гэж яригддаг. Үнэхээр Цээлийн ингэний сүү, цагаан идээ борлуулалт сайн байдаг. Цаашид үүнийгээ бизнес төсөл болгоод, тодорхой хэмжээнд хамтарч нэгдээд үйлдвэрлэлийн түвшинд хөгжүүлэх ч боломж харагддаг.

-Аливаа ой тэмдэглэх гэдэгт хүмүүс шүүмжлэлтэй ханддаг болжээ. Гэтэл тантай шүүмжлэлтэй энэ сэдвээр ярих боллоо...?

-Ойн агуулга, ач холбогдол, үлдэх үлдэц, үр өгөөжийг нь тооцож тэмдэглэвэл шүүмжлээд байх зүйл биш. Ойн тухай ярихын өмнө нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Манай нутгийн зөвлөл орон нутгийн удирдлагатайгаа хамтарч “Цээл-100” нэртэй хөтөлбөр боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ хөтөлбөр бол “амьгүй” цаас биш “амьтай” бодит ажлууд юм. Эхлээд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл төслийг боловсруулж, сумын удирдлагуудтай ярилцаж саналаа нэгтгэсэн. Дараа нь сум орон нутгийн иргэд болон Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа уугуул иргэдээр хэлэлцүүлж, саналыг нь тусгаж баталсан. Тиймээс “Цээл-100” хөтөлбөрийн эцсийн үр дүнг манай нутгийн иргэд нийтээрээ төсөөлж, дэмжиж ажиллаж байгаа юм.

-Тухайлбал ямар үр дүнг төсөөлж байгаа вэ?

-“Цээл-100” хөтөлбөр хоёр хэсэгтэй. Нэг хэсэг нь сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой. Нөгөө хэсэг нь сумыг ирээдүйд хэрхэн хөгжүүлэхэд чиглэсэн. Ер нь энэ хөтөлбөр хэрэгжээд дуусахад Цээл сумын төв шинэ суурьшлын бүс рүүгээ бүрэн шилжиж, аймаг, улсын хэмжээний жишиг сум болж хөгжинө гэсэн хүрэх үр дүнг тооцож боловсруулсан.

-Шинэ суурьшлын бүс гэдэг чинь сумын төвөө нүүлгэнэ гэсэн үг үү?

-Манай сумын нэг онцлог нь “хадан дунд суурьшиж, төвлөрсөн сумын төвийн байршил” юм. Урт хугацааны суурьшлын явцад дээрх тогтоц сумын төвийнхөө тэлэлт, хөгжилд саад болох маягтай болж эхэлсэн. Барилга, бүтээн байгуулалтын ажлын суурь болсон газар доорх дэд бүтцийн шугам хоолой татах, зам, гэрэлтүүлэг тавих, үгүй ядаж айл өрхүүдийн ариун цэврийн байгууламж барихад ч төвөгтэй болж ирсэн. Тийм учраас Цээл сумын төвийг, шинэ суурьшлын бүс рүү үе шаттай нүүлгэх том ажил эхэлсэн юм.

-Эртний “Эргүнэ хунгийн домог” гэдэг шиг үнэхээр сонирхолтой санагдчихлаа.

-Энэ байршил цаашдын хөгжлөө боомилоод байна гэдгийг манайхан олон жил ярьж, удаа дараа хэлэлцсэн боловч нэг шийдэлд хүрэхгүй байсан. Ц.Дашдорж ахыг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед дээрх яриа нэлээд идэвхжиж, улмаар шинэ суурьшлын бүс тогтоох шийдэлд хүрч, Барилга, хот байгуулалтын яам Цээл сумын шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтийн зургийг гаргасан. Сумын Засаг даргаар Г.Цанжидыг ажиллаж байх үеэс ажил хэрэг болж эхэлсэн. Одоогоор төрийн үйлчилгээний гурван байгууллага болох ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил дууссан, соёлын төвийн барилгын ажил тодорхой хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн спорт заалны барилгыг барьж байгуулаад дуусах дөхөж байна. Хоорондоо 3 орчим км зайтай хоёр бүсийг шинэ Цээл, хуучин Цээл гэж ярих цаг удахгүй ирнэ.

-Цээлчүүд үнэхээр өөдрөг төсөөлөлтэй, түүнийхээ төлөө нэгдэж зүтгэж ажиллаж байгаа юм байна. 100 жилийн ойгоо тэмдэглэхэд шүүмжлээд байх зүйл алга.

-“Цээл-100” хөтөлбөрийн нэг хэсэг нь сумынхаа 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд чиглэж байгаа гэж дээр ярьсан. Бид төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлуудаа 2 жилийн өмнөөс эхэлсэн. Одоо ажлууд 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Би зах зухаас нь дурдъя л даа.

Төрийн захиргаа, үйлчилгээний 5 байгууллага болон сумын Данай даржаалин хийдийн үйл ажиллагааг дэмжиж, тус бүрд нь 10 саяаас доошгүй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж байна. Сумын нийт ард иргэдэд үйлчилгээ үзүүлж, энэ сум оршин тогтнохын үндэс болсон эдгээр байгууллагаа дэмжих замаар иргэдэд үзүүлдэг үйлчилгээг нь шуурхай, хүртээмжтэй, чанартай болоход нь тусалж байгаа юм.

Манай сум Баянгол, Дэрстэй, Бүрэнжаргалан, Жаргалт гэсэн 4 багтай. Баг бүрийг 5 ханатай гэр контортой болгож, сумын төвд ёслол хүндэтгэлийн зориулалттай 8 ханатай гэр өргөө байгуулж өгнө. Тэр өргөөнд төр засгийн шагналаа гардуулж, хурим найраа хийж, төрийн албан хаагчид тангаргаа өргөж, насанд хүрч буй хүүхдүүд иргэний үнэмлэхээ гардаж авдаг хүндтэй, дурсамжтай орчин байх юм. Мөн сумын хэмжээнд амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой орон гэргүй 8 гэр бүл байгааг тодорхойлж, шинэ гэр олгож, нэг талаар баярлуулж, нөгөө талаар итгэл өгч дэмжиж байгаа.

-Нэлээд бодитой, бас хүндээ чиглэсэн ажлууд хийж байгаа юм байна. Сумын түүхийг үлдээх, бахархалт хүмүүсийг хойч үед таниулах асуудалд хэр анхаарсан бэ?

-100 жилийн ойд зориулсан түүхийн ном болон зурагт альбомын ажил үндсэндээ дуусаж байна. Нутгийн эрдэмтэн, судлаачид ном бүтээх ажилд идэвхтэй оролцож байгаа. Мөн Цээл сумын 100 жилийн хөгжлийн түүхэн баримтат киноны зураг авалтын ажил дуусаж байна. Баримтат кино бүтээх ажлыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч М.Эрдэнэбат тэргүүтэй уран бүтээлчид хариуцаж байгаа. Ойн арга хэмжээндээ янз бүрийн шалтгаанаар хүрэлцэн очиж чадахгүй уугуул суугуул Цээлчүүддээ зориулаад шууд дамжуулалт хийхээр ЕTV-тэй гэрээ хийгээд байна. Ойн хөтөлбөрт урлаг, соёлын оддын шоу цэнгүүн багтсан. Энэ ажлыг Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ хариуцан ажиллаж байна.

-Ойгоос үлдэх дурсамж наадмын зохион байгуулалтаас ихээхэн шалтгаалдаг. Сум газар нүхэн жорлонгоос эхлээд асуудал их бий?

-100 жил гэдэг их онцлог ой юм. Тиймээс урьд урьдын ойгоос илүү олон хүн ирэх төлөвтэй байна. Бид ойн бүх үйл ажиллагаагаа наадмын талбай дээрээ хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байна. Нээлтээс эхлээд хаалт хүртэлх бүх уралдаан, тэмцээн, урлагийн тоглолтууд нэг газраа төвлөрнө. Наадмын талбай руу цахилгааны шугам татаж, худалдаа үйлчилгээний гэрүүдийг хангахаас гадна наадмын талбайд гэрэлт цамхаг байрлуулж, үйл ажиллагаа оройтсон ч бүхэлдээ гэрэлтүүлэгтэй байх боломжийг бүрдүүлж байна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан тусдаа боловсон ариун цэврийн байгууламжийг шийднэ. Эмх цэгцтэй байдлаас гадна наадам будилаан, маргаангүй болвол дараа жилийн наадам хүртэл сайхнаар яригддаг. Тийм учраас сэрвээний өндөр хэмждэг тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг худалдан авч, ойн үеэр хэрэглээд, цаашид сумын Морин спорт, уяачдын байгууллагадаа хүлээлгэн өгөхөөр тооцсон. Манай сумынхан дээр үеэсээ хатир, жороо морьдтой, морь уях эрдмээрээ шалгарсан улс, аймгийн олон алдарт уяачтай нутаг. Тиймээс үндэсний баяр наадмын уламжлалт 6 насны ангиллаас гадна хатир, жороо, эрлийз гурван нас гээд нийт 11 ангиллын уралдаан явуулахаар ярилцаж, бай шагналыг нь бэлдэж байна.

-Бэлтгэл ажил тун сайн хангагдаж байгаа юм байна. Энэ бүх ажлыг хийхэд багагүй төсөв мөнгө шаардлагатай шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Энэ бүхнийг нутгаа гэсэн сэтгэлтэй хандивлагчид, нутгийн зөвлөлийн гишүүд, тэргүүлэгчдийнхээ хүчээр бүрдүүлж, бүтээж байна. Хэдийгээр ажил, амьдралын шаардлагаар алс хол суугаа ч хүний сэтгэл, нандин дурсамж нутгаасаа явдаггүй юм байна. Миний хувьд Цээл сумын Дэрстэй багийн Зүүн салаа гэдэг хонхорт тоглож, бага нас минь өнгөрсөн. Тэр багахан салаагаар хорвоо ертөнцийг төсөөлж, хөгшин өвөө, эмээгийндээ зуны амралтаа өнгөрөөдөг байлаа. Өдөрт нь морь унаж, хонь хариулж, завсарт нь аргал түүж, түүнийгээ илжгээр зөөж, орой нь ямаа сааж, хурга, ишгээ ялгаж, саахалтад зөрүүлж, сүүний цэг дээр очиж, суганы булчирхайгаа цочтол сүү машинддаг байсан. Үдэш болохоор эмээгийн үлгэр домгийг сонсож, ид шидэд итгэж, чөтгөр шуламсаас нь айж байгаад унтдаг хүүхэд байлаа. Эргэн дурсахад миний амьдралын хамгийн сайхан, хамгийн гэрэл гэгээтэй, мөрөөдөмтгий үе тэнд өнгөрсөн санагддаг. Надтай адилхан ийм дурсамжтай, түүндээ хайртай, тэр нутаг усаа илүү сайхан хөгжөөсэй, дэвжээсэй гэсэн итгэл, сэтгэлтэй хүмүүс хандив өргөж, чадах чадахаараа л гар бие оролцож байна.

    Нутгаа гэсэн сайхан сэтгэлээр хандив өргөж байгаа ахан дүүс, уугуул, суугуул цээлчүүддээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний сайхан сэтгэлийн үрээр нутгийн маань ойн арга хэмжээ өргөн дэлгэр, хөөр хөгжөөнтөй, сэтгэл тэнэгэр сайхан болох нь дамжиггүй. Бид хандивлагчдаа гурав ангилсан. 4,5-9.9 сая хүртэл төгрөг хандивлагчийг “хүрэл”, 10-19.9 сая хүртэл төгрөг хандивлагчийг “мөнгөн”, 20 сая ба түүнээс дээш төгрөгийн дэмжлэг үзүүлсэн хүмүүсийг “алтан” хандивлагч гэж нэрлэж, нутаг оронд нь алдаршуулж, нэр алдрыг мөнхлөх ажлыг зохион байгуулж байна. Одоогоор 120 орчим хүн хөрөнгө, хүчээ нутгийнхаа ой болон ирээдүйн хөгжилд нь зориулаад байна. Ойн үеэр хүндэтгэлийн хөшөө дурсгал бүхий цогцолборын нээлтийг хийхээр төлөвлөсөн. 50 жилийн баталгаат хугацаатай, цул боржин чулуун дээр сийлж хийж байгаа дурсгалын байгууламжийн хананд дээрх хандивлагчдын нэрсийг бичиж, мөнхлөх юм. Ирээдүйн он жилүүдэд хандивлагчдын маань алдар нэр дуурсагдах учиртай. Уг байгууламжийг тойрсон амрах тухлах талбай, суудал, сүүдрэвч, ногоон байгууламжийн ажил мөн хийгдэнэ. Цогцоороо цэцэрлэгт хүрээлэн болох юм.

-Танай нутгийн зөвлөл маш сайн ажиллаж байгаа санагдлаа, хэдэн хүнтэй байгууллага вэ?

- Нутгийн зөвлөл гэдэг бол төрийн бус байгууллага. Нийслэлд ажиллаж, амьдардаг боловч төрөлх нутаг орон, ард үлдсэн ах дүүсээ боломжоороо дэмжиж, хөгжлийн асуудалд нь санаа тавьж байдаг хүмүүсийн санаачилга, оролцоон дээр тогтдог сайн дурын байгууллага. Миний хувьд 2021 оны 11 дүгээр сард нутгийн зөвлөлийн даргын үүрэгт ажлыг хүлээн авсан. Одоо манай хамт олон 5 дэд дарга, 1 гүйцэтгэх захирал, 45 тэргүүлэгч, нийтдээ 52 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр, чиг үүргээ хуваарилсан тодорхой бүтцээр ажиллаж байна. Манай нутгийн зөвлөлийн бүх хүн ажил хариуцаж авсан. Хүн бүр жигд ачаалал үүрч байгаа учраас бидний ажил урагштай, урамтай явж байна. Ирэх долдугаар сарын 21-23-нд болох сумын түүхт 100 жилийн ойдоо ах дүү, төрөл садан, уугуул, суугуул иргэд, хүргэн, бэрчүүд болон Цээл сайхан нутагтай минь ямар нэгэн сэжмээр холбоотой хүн бүхнийг урин залж байна.

 

Ярилцсан: Я.Содномцог

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол