📅

Амьдралын утга учрыг нээх аялал “ЗААГ” үзэсгэлэнд саатаарай

🕔 2024/05/17 13:24

Хүний амьдралын мөчлөг, сэтгэлийн дотоод гуниг баясал нь байгалийн мөчлөгтэй адил мөхөж бас сэргэж байдаг. Орчлонгийн бүх зүйл өөрийн замналаар урсана, хайлна, нүүнэ, бас үгүйрнэ. Энэ ертөнцийн жам ёсыг хүлээн зөвшөөрч, амьдралын урсгалыг сөрөн явахдаа сайн мууг дэнслэхийн оронд, түүнийг зөнгөөр нь орхих, урсан өнгөрөх цаг хугацааг “Зааг” үзэсгэлэн дүрслэн харуулжээ.

Австралийн Сиднейн их сургуульд медиа урлагийн ахлах багш, саунд артист, судлаач Диана Честер, орчин цагийн Монголын залуу уран бүтээлч Ж.Ариунтуяа нарын хамтын онцгой содон мультимедиа арт үзэсгэлэн ХААН галерейд нээгдээд удаагүй байна.

Монголын урлагийн ертөнцөд шинэ хуудас нээсэн, экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын “ХAOS” фестивалийн хүрээнд энэхүү үзэсгэлэнг толилуулж буй. Диана, Ариунтуяа нар үзэсгэлэнгийнхээ санаа, төслийг жилийн өмнөөс эхлүүлсэн аж. Тэд хамтдаа Монголын говь нутгаар 1000 гаруй км зам туулж, Хонгорын элс, Баян заг, Ёлын ам, Мухар шивэрт зэрэг газраар аялж, ширгэсэн булаг шанд, гол мөрөн, гүн мөсөн хавцал, палеонтологийн олдвор бүхий газар, элсэн цөлийн тогтоцыг судлан, дүрсжүүлж, үзэсгэлэнгийн бүтээлүүдээ туурвижээ.

Аяллын үеэр авсан дүрс, дуу бичлэг буюу булаг оргилох, мөс хайлах, элс нүүх, манхан хүнгэнэх чимээ авиа нь үзэсгэлэнгийн бүтээлүүдэд “амилж”, байгалийн гоо сайхныг, түүний дотоод амар амгаланг үзэгчдэд мэдрүүлээд зогсохгүй амьдралыг анирдах, туулсан зам, гаргасан тэвчээрийг энэрэх сэтгэлийг танд төрүүлэх нь лавтай.

“Зааг” үзэсгэлэн нь зөвхөн урлагийн бүтээл биш, харин амьдралын утга учрыг нээх аялал гэж хэлж болно. Амьдралын заагийг шинэ өнцгөөс харах, түүний гүн утгыг ухаарах энэхүү үзэсгэлэн нь таныг гайхашруулж, сэтгэл зүрхийг тань хөдөлгөнө гэдэгт итгэлтэй байна.

Үзэсгэлэн ХААН Банкны төв оффисын 3-р давхарт байрлах ХААН галерейд 2024 оны 5-р сарын 29-нийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд нээлттэй байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол