📅

Б.Гарамгайбаатарыг онилсон АТГ Д.ДАМБА-ОЧИР-ыг хэзээ шалгах вэ

🕔 2017/10/09 09:33

Б.Гарамгайбаатарыг онилсон АТГ Д.ДАМБА-ОЧИР-ыг хэзээ шалгах вэ

 

Манай улс төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээл рүү шилжсэн тэр үеэс өнөөдрийн улс төрийн болоод бизнесийн салбарт ид гялалзаж буй "од”-д төрсөн түүхтэй. Тэр бүхний дундаас сайн, муу нэрийг хослуулж чадсан нэгэн байхад сайнаасаа илүү саар нэрийг өөртөө оноосон хэсэг бүлэг нөхөд ч байх. Тэдний хоёр нь "Зам барьж тоглодог Д.Дамба-Очирын тохуурхал” нийтлэлдээ өгүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир болон УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нар юм.

 

Энэ хоёр эрхэмд олон ижил төстэй зүйл бий. Хоёулаа Улсын Их хурлын гишүүний сэнтийд тухалж үзсэн. Хоёулаа их бүтээн байгуулалт нэрээр халхавчилсан замын тендерээр мөнгө босгож улмаар муу зам барьсан гэж чичлүүлсэн гээд адил тал олонтой. Гишүүн Д.Дамба-Очир нь Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 километр замыг долоон жил дуншуулсан бол экс гишүүн асан Б.Гарамгайбаатар нь Архангай аймгийн Тариат сумын нутагт буюу Халзайн бүргэдэйгээс-Солонготойн даваа хүртэлх 100 километр хатуу хучилттай хар зам тавихдаа багагүй асуудал үүсгэсэн. Хэмжээний хувьд ч гэсэн мөн ижил болохыг анзаарсан байх. Тэгвэл зам барих нэрээр нэмэлт санхүүжилт авсан нөхцөл нь хүртэл адилхан ч тоон дүнгийн хувьд Д.Дамба-Очирын компани эхний санхүүжилт болох 7.6 тэрбум дээрээ Засгийн газраас 22 тэрбумыг нэмж авсан бол Б.Гарамгайбаатарын "Монроуд” компани Засгийн газрын тогтоолын дагуу Хөгжлийн банкаар дамжуулж "Чингис" бондын хөрөнгөнөөс 37.2 тэрбум төгрөг дээрээ нэмэлтээр 9.1 тэрбумыг авчээ. 

 

Б.Гарамгайбаатар эл хэргийнхээ төлөө Авилгатай тэмцэх газарт өнгөрсөн гуравдугаар сараас шалгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461-р ангид хэд хоног тухалсан. Тэнд хоригдох цөөхөн хоногтоо. Бие муудлаа гээд барахгүй болохоор өлсгөлөн зарлаж байж арай хийж батлан даалтаар гарсан юмдаг. Тэгвэл Лүнгийн замыг там болгож хувиргасан Д.Дамба-Очирыг хууль хяналтын байгууллагынхан шалгах эсэх нь одоо болтол бүрхэг байна. Ингэж хэлэхийн учир нь одоогоос 11 жилийн өмнө Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлыг улсаас эргэн төлөгдөх нөхцөлтэй, тухайн компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх олон улсын тендер зарлахад Д.Дамба-Очир захиралтай "Очир төв” компани 21 тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч Зам тээвэр, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулсан ч УИХ-ын ээлжит сонгууль давхцаж. Эндээс л Лүнгийн зам дунших, Д.Дамба-Очир УИХ-ын гишүүний сэнтийд залрах эхлэл тавигдсан түүхтэй.

 

"МОТОР”-ЫНХОО БУЯНААР ЗАМЫН ТЕНДЕР АВСАН УУ
"Жил бүр энэ замыг 30 километрээр таслаад хаачихдаг, хүн харахад засаад байгаа хирнээ нүх довнуудаа янзалсаар дараагийн өвөлтэй золгодог. Үүний оронд зүгээр энэ чигт нь орхичихвол таарна” гэж баруун аймаг руу тээвэрлэлт хийдэг жолооч нар хэлж байна. Ашиглалтад оруулахаас эхлээд улсын комисс хүлээж авах хүртлээ олон арван тэрбумыг залгисан өнөөх замд жил бүр урсгал зардалд улсаас хөрөнгө төсөвлөж буй. Д.Дамба-Очирын байгуулсан замын компани Лүнгийн замын тендерийг монопольдож авснаас хойш Лүнгийн зам нэг ч сайн нэрийг зүүсэнгүй. Үүний дараа Хятадын хөрөнгө оруулалттай компанид дараагийн тендерийг нь өгсөн. Гэтэл бас л эвдрэлээр дүүрч нэг хаврын нар салхи үзэлгүй энхэл донхол болсон. Дахиад л засах шийдвэр гарсан. Энэ удаа энхэл донхол нүх сүвнүүдийг таглаж бөглөх ажил. Энэ мэтээр Лүн хүртэл 106.2 километрт асуудал, зовлон их бий. Жолооч нар ч бүр залхаж сүүлдээ Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргаж байв. Авто замын газрынхан ч асуудал ихтэй энэ зам яахын аргагүй муу баригдсан, инженерийн бүтээн байгуулалтгүй хариуцлагагүй ажил болсныг нэгэнт хүлээн зөвшөөрч толгой дохисон удаатай. Алаг эрээн болтлоо дахин хучилт хийж, энд тэндээ нөхөөс тавьсан энэ зам олныг бухимдуулаад байгаа хирнээ л жилийн жилд татвар төлөгчдийн мөнгөнөөс 20 тэрбумыг тэгсхийгээд л гаргуулаад авчихдаг нь гайхшрал төрмөөр. Улсын комиссынхны хардлага үнэн бол зурайж харагдсан царай шигээ биш зуурсан бантан шиг чанаргүй зам учраас л өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсээд байна. Замын компани зассан замдаа нэг жилийн баталгаат хугацаа гаргаж нэг жилийн дотор асуудал гарвал өөрсдөө хариуцах ёстой. Харин Лүнгийн замын тендерийг авсан Д.Дамба-Очирын хувийн компани болон Хятадын хөрөнгө оруулалттай замын компаниудыг энэ замаа 23 жилийн хугацаанд хариуцах батлан даалтын хугацааг улсаас зааж өгчээ. Тэгэхээр "Очир төв” гэж нэрлээд байгаа Хятадын хөрөнгө оруулалттай тус компани уг замын эвдэрлийг улсын мөнгөөр биш өөрсдийн мөнгөөр засах ёстой гэсэн үг. Нэг жилийн дотор 90 километр зам засна гэдэг дотоодын замын компаниудын хувьд яагаад ч хийх боломжгүй ажил гэдгийг мэргэжлийн нүдээр харсан хэн ч хэлнэ. Гэтэл үүнийг мэдсээр байж "Очир төв”-ийг шалгаруулснаас үзвэл Лүнгийн замын тендер эхнээсээ л но-той зарлагдсан болох нь харагдана. Ингэж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын компани иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, экологийн сүйрлийг авчирч, улсад их хэмжээний хохирол авчирсан байхад түүнтэй өнөөдрийг хүртэл АТГ-аас өчүүхэн ч хариуцлага ярьсангүй, бусад хууль хүчний байгууллага ч нүдэн балай, чих нь дүлий байсаар.

 

Харин ч бүр "Даварсаар даварсаар давгийн орон дээр” гэгчээр тухайн үедээ Лүнгийн замыг барих өртгийг хэд дахин нэмэн, татвар төлөгчдийн мөнгөөр улс төр хийж өдгөө өндөр сэнтийд заларсан хэрнээ сөрөг хүчнээ нүд үзүүрлэж, "Тэд л мөнгө идэж, уусан” гэж ярихыг нь яана. Тухайн үед МАН-ын Засгийн газар, УИХ-ын зүгээс түүний хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй замыг хурдлуулахын тулд, эрдэнэт хүнийг амь нас, эрүүл мэндээр нь хохироохгүйн тулд "Очир төв” компанид 7.5 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэж байв. Ингээд зогссонгүй, дээр нь нэмж 22 тэрбум төгрөгийг тэдний компанид шилжүүлсэн байдаг. Ингэж гурван жилийн дотор дуусгах гэрээтэй замаа долоон жилийн дараа улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь шимэн сорон байж дуусгасан ч нэг жил ч наслалгүй цөмөрч, хэлтэрч унасан. Ийм ил цагаан хулхидалт, их хэмжээний зардал, аваар ослын эцэст нэр бүхий иргэдийн зүгээс Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргасан ч бүтэлтэй юм болоогүй юм. Нам жим дарсан. Лав л Б.Гарамгайбаатарын хэрэгтэй адилхан шүүрч аваад "Хүүе хаая, яав ийв” гэж шоронд хийсэнгүй. Харин ч бүр УИХ-ын гишүүний сэнтийд хоёронтоо заларсан нь Монголын ард түмнийг доромжилсон, Монголын улстөрчдийн үнэн төрхийг харуулсан, Монголын хууль хүчнийхний улстөрчдийн талд үйлчилдгийн тод жишээг харуулсан явдал болов.

 

УЛСТӨРЧИД АРД ТҮМНИЙ ХАЛААСНААС ХЭРХЭН МӨНГӨ ХУМСАЛДАГ ВЭ
2009 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийж, УИХ-ын 76 дахь гишүүн С.Эрдэнийг тангараг өргүүлэх, эсэх асуудлаар хоёр намынхан маргалдаж байх үед Эдийн засгийн байнгын хороо Засгийн газраас оруулж ирсэн нэг асуудлыг чимээгүйхэн дэмжиж орхисон. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын "Очир төв” компанид 7.6 тэрбум, АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Гарамгайбаатарын "Монроуд” компанид 4.3 тэрбум нийт 12 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж өгөх тухай асуудлыг энэ дүйвээнийг ашиглаж чимээгүйхэн шийдсэн байдаг. Улстөрчид үймээн самуун, баяр наадмыг далимдуулж татвар төлөгчдийн халааснаас хэрхэн мөнгө салгахаа анддаггүй. Үүнийгээ их бүтээн байгуулалт, эх орны сайн сайхны төлөө гэсэн сайхан үгээр өнгөлөн далдалдаг. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын "Очир төв” компани Лүн хүртэлх 106.2 километр зам тавихын тулд дампуурах нь нэгэнт тодорхой болсон "Анод” банкнаас 10-аад тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг. Банк дампуурахад нөлөөсөн хүний нэгийг мань Д.Дамба-Очир гэж холбогдох байгууллагаас тухайн үед шалгасан ч тэгс ингэс гээд хэрэг намжсан. Үүнд мөнөөх "мотор" нь бас нөлөөлсөн гэх.

 

Тэрбээр мөн л ингэж Монголыг, монголчуудыг хулхидсан. Угтаа 2008 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж өрсөлдөх үедээ намын нөхрөө далдуур муулж байж гарч ирсэн түнийг Эрдэнэтийн МАН-ын нөхөд нь одоо хүртэл муулж жиг жуг хийдэг. Барих ёстой замаа цаг хугацаанд нь тавьж чадаагүй мань эр үнэхээр хэнэггүй дөжирчихсэн хүн бололтой. Тиймдээ ч УИХ хямралын эсрэг төлөвлөгөө авч хэлэлцэх үеэр ангийн нөхөд нь "Чи тэр замаа барьж дуусгачихаад олон юм ярьж яв” гэж амыг нь тагласан удаатай.

 

Ерөөсөө Монголын улстөрчдийн дунд ийм жишиг тогтчихож. Тиймдээ ч хөлтэй бүхэн тендерийн араас гүйж, хэн нь хоншоортойгоо сонждог болж. Хоншоортой, азтай бас ичих нүүргүй нөхдийн нэг нь Д.Дамба-Очир, Б.Гарамгайбаатар хоёр юм байна. Тэд ингэж л тендерээс босгосон мөнгөөрөө улс төрд орж, улсын мөнгөөр тоглох боломжоо улам бүр бататгаж, төрийн толгой дээр данхалзаж суухад төрийн тэргүүнээс эхлээд ангийнх нь нөхөд хүртэл амаа таглаад, нүдээ аниж сууна. Угтаа Монгол Улсын Ерөнхийлөгч болоод УИХ-ын гишүүн нь бүх ард нийтийн дундаас сонгогдсон ард түмний төлөөлөл. Гэтэл энэ мэт үйлдлийг өөхшүүлж, тэднийг улам бүр даврааж буй улстөрчид зөвхөн амин хувийнхаа эрх ашгийн төлөө ажилладаг болох нь харагдана. Ийм аминчхан үзэлтэй, зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө ажилладаг хүнийг ард түмний төлөөлөл болгон УИХ-д суулгах ямар хэрэг байна вэ. Үнэхээр л төр ард түмний мэдэлд байх тунхаглал нь үнэн юм бол түүнийг зөөлөн сэнтийгээс угж татан буулгаж, шалгах газар нь шалгах хэрэгтэй. Тэгж байж эрх баригч намууд ард түмнийхээ итгэлийг эргүүлэн авч, намынхаа "бохирдсон” цэвэрлэх боломжтой. Тиймээс л гишүүн асан Б.Гарамгайбаатарыг гэмт хэрэгт сэжигтнээр татаж шалгасан шигээ гишүүн Д.Дамба-Очирыг ч гэсэн сэжигтнээр татаж, шалгах ёстой биш гэж үү.


Г.НАЦАГ-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол