📅

Р.Эмүжин: Аймаар байна уу?

🕔 2017/06/04 18:12

Сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжингийн нийтлэлүүд сэтгүүл зүйн тогоонд жин дарж, зарим нөхдүүд тэсч ядан хүлээж байхад нөгөө хэсэг нь шүүмжилдэг. Үнэн үг хатуу гэгчээр Р.Эмүжингийн нийтлэлүүд голыг нь олоод гогодчихдог болохоор тэр биз. Харин сүүлийн үед даацтай, жинтэй нийтлэлүүдээ “авдарлаад” таг чиг болсон тэрбээр Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүний талаар өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.

Аймаар байна уу?

Цас хаялсан өвлийн өдөр цахимаар учирсан цадиггүй хэдэн нөхөр Сүрэн эмгэний амбаарыг буулгаж,шинэ байшинтай болгохоор шийдэв. Эрчүүд эмээгийн амбаарыг үдийн хугархайд амжуулан буулгаж, бүсгүйчүүд цай хоол зөөн гүйлдэв. Хажуугаар нь өнгөрсөн хашир өвөө нар "Хүйтэн жавар тачигнаж байхад хөөрхий эмгэнийг хөлдөөж алах нь дутав уу, хуучин муу ч гэсэн хучлага болдог байсан юм, тэр амбаар" гэлцэн үглэв.
Ц.Нямдоржтой адил царайгаа хувирган цавхилзав. "Тэр золигийн эмгэнээ тэрлэгтэй нь манай эхнэр рүү явуулчих" гэж томров. Гэвч залуу халуун нас байна, зориод гарсан үйлс байна, Сүрэн эмээ сүрхий хөөрхөн байшинтай болж, жавартай өвлийг жаргаж туулахаар тухлав.
Үүнтэй адил үйл явдал улс төрд ид өрнөж байна. Шийдлийн Засгийн газарт шийдсэн хэдэн залуу ширээ эзлэн ороод ирлээ. Монгол улсын түүхэнд тохиосон хамгийн өндөр Ерөнхий сайд хэмээн цоллуулаад амжсан Ч.Сайханбилэг хамгийн олон улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн Шийдлийн хэмээх Засгийн газрыг ахлах нь. Түүний танхим нэгт нөхөд Сүрэн эмгэний амбаарыг сүйдлээд хаясан залуус шиг сүрхий " гарууд".

Ажил цалгардуулж, амласнаа биелүүлээгүй зарим нэгнийг өрөөндөө дуудан өчиг авч, ухамсрын шанаа өгөөд гаргадаг У.Хүрэлсүхийн шийдмэг занг монголчууд мэднэ. МАН-ын дүнсгэр ордонд дүрэлзсэн тоглолт хийж,цахилгаан гитар балбан цадигаа алдсан гэж байгаа, бас. Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр Америкт сурангаа амьдралаа төвхнүүлээд амжсан овсгоотой. Шал угаан, пицца зөөж, эхнэрүүдээ дагуулчихаад элдвийг үүрч явсан гэлцдэг. Зургаан давхар зочид буудлыг хоёр гэрээрээ үдэш бүр хүч хавсран цэвэрлэж, үүр цайж байхад хүлээлгэж өгчихөөд үүдэнд нь мөнгөө тоолоод зогсож байдаг асан шаламгай залуус. Улс төрд ч бас урагшлах араа болсоор ирсэн гэдгийг нь олон үйл явдал гэрчилдэг.
Японд боловсрол эзэмшсэн Л.Гантөмөр байна. Ёстой нэг япон маягаар янзтай хянамгай үзэж тарна даа. Ямартаа нэг ангид суудал булаацалдсан 60 сурагчийнхаа тоотой нь бус толгойтой нь ажиллах тухай ярьж, Боловсролын яамны өвөө нарт өөлүүлж байхав. Г.Шийлэгдамба гэж шийртэй нөхөр бий. Зугаа цэнгэлийн яамны зулзаган сайд хэмээн хочлуулж явсан энэ эр МАН-аас гарч, МАХН-д элсэн, урвагчаараа дуудуулж байгаад ч хамаагүй урдах зорилгодоо үнэнч, тууштай үлдэж чадсан шазруун нэгэн.
Хятадууд хэдэн пандагаа нэрийн хуудас болгоод байхад монгол мазаалай юундаа дутдаг юм хэмээн сөрж сэтгэсэн Д.Цогтбаатар байна. Мазаалай, Цогтбаатар хоёр дэлхийн хаалгыг тогшоод хоймор өөд нь зүтгэж л явна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн имижийг гадаад ертөнцөд ганган өргөж чадсан Л.Пүрэвсүрэн гэж гайхал толгойг дурдаж болно. Хийтэй гэгддэг Д.Эрдэнэбат, хэрүүлч нэр зүүсэн Д.Оюунхорол, үйл явдал өрнөхөөр л үг сөрөөд зогсчихдог Р.Бурмаа, Өвөрхангайг өвөрлөөд ордонг тойрч бужигнуулсан С.Чинзориг гээд өстэй, цөлх, шазруун , шартай нөхөд Шийдлийн Засгийн газрын шийдвэрүүдийг гаргана. Аймаар байна уу?
Эдийн засгийн жавар тачигнаж, эгэл Монгол жалгын ирмэг дээр дэнжигнэж байхад ийм л залуус хэрэгтэй байгаа юм. Тэдний хэн хэнд нь алдсан оносон юм бий. Залуу нас л юм чинь, зам өгсүүр юм чинь алдахгүй хүн гэж юу байхав. Тэглээ гээд хөдлөвөл буруудчихна хэмээн айж, хөлөө эвхэн суусаар хөлдөж үхэхгүй л улс. Бас тэд идэх хоол, өмсөх хувцас, сурах сургуулийг нийгмээр нь бэлдээд өгчихдөг байсан соц үеийн бүтээгдэхүүнүүд биш. Чадалтай нь өндийж, чансаатай нь урагшилдаг зах зээлийн нийгмийн замыг цэвэрлэж өндийсөн залуус.
Олон голын бэлчирт олон овог аймаг нэгдэж асантай адил олон нам нэгэн зорилгын дор нэгдэв. Эхний зөв шийдэл энэ байлаа. Өдгөө тэднийг далдагануур Хүрэлсүх, дансаа нуусан Баярцогт хэмээн хэлэхгүй муугаар гоочилж байна. Муухайг сонсож, муу хоч зүүнэ гэдгээ тэд мэдэж байсан, гэвч айсангүй. Нэг талаараа олон юмаа золиосолж байж оломгүй зориг өвөрлөн Шийдлийн Засгийн газарт эвлэлдэн нэгдэх шийдвэрийг тэд гаргалаа. Миний бас нэг олзуурхаж буй зүйл бол Монголын улс төрийн хойморт 40-өөд насныхан дөрөө харшуулан орж ирлээ. Энэ бол жинхэнэ утгаараа ирж буй шинэчлэл. Дараагийн үеийн залууст дагаж очих боломж. Алийн болгон 60,70 насны өвөө эмээ нараар замаа заалгаж,засаг бариулж явах юм бэ.
Сүрэн эмгэн байшинтай болсон, сүрхий залуус зорьсондоо хүрсэн. Харин одоо Шийдлийн Засгийн газрын шийдсэн нөхөд хэн болохоо харуулах цаг ирэв. Хүүгээ тавьж өгөөд ноёноо авч үлдэх ухаанаар номхоршгүй залуу насаа жолоодож, мохошгүй омог бардам сэтгэлээ Монгол түмэнтэйгээ хамт өргөж явтугай хэмээн найдаж үүнийг тэрлэв.
Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол