Отгонтэнгэр хайрханы тухай
Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жилийн, Гималайн нурууг 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсон гэж үздэг бол Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр хайрхан нь дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн үед буюу гурван тэрбум жилийн өмнө усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэн гэдэг.
Ертөнцийн эх газрын анхдагч ч гэж үздэг билээ. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх "Отхан” буюу "Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд "Этүгэн” буюу "Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, "Сүмбэр уул”, "Очирваань хайрхан”, "Цаст цагаан уул”, "Отгонтэнгэр”, "Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр одоогоос 230 гаруй жилийн тэртээ буюу 1779 онд хайрханыг тахиснаас хойш жил бүрийн зуны дэлгэр цагт тахиж байхыг зарлигдсан байдаг юм билээ.
Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уул нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршино. Отгонтэнгэрийг тойрсон 108 төрлийн халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй. Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн.
Зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг. Энэ уулын эх бие орчноор мөнх ногоон арц, вансэмбэрүү, ванжингарав, юмдүүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур, зэрэг 400-гаад эмийн ургамалтай. Урд өврийн Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт байрладаг. Отгонтэнгэр уулын ам жалга бүрээс олон зуун гол ундран урсах бөгөөд хамгийн том нь уулын ар талаас Идэрийн гол эх авч, хойд мөсөн далайн ай савд, өвөр талаас Завхан, Буянт голууд эх авч, Их нууруудын хотгорын ай савд усаа нийлүүлэн цутгадаг.
Уулын орчим бүхэлдээ эртний сөнөсөн галт уулын үлдэгдэл болон асар өндөр, эгц, цавчим хад байц бүхий гүдгэр, хотгор, хавцал, мөсөн голын ул мөр элбэг тохиолдох бөгөөд байгалийн өвөрмөц нэн сонин тогтоцтой.
Монгол түмний сүр сүсгийн дээд энэ их оргилд буга согоо, ирвэс, шилүүс, хойлог, ховор шувуу, ан амьтад нутагшин байдаг. Отгонтэнгэр уулын мөнх ногоон арц, халуун, хүйтэн рашаан хэдийнэ алдаршсан билээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад