📅

На.Сүхбаатар: “Бурханы шашин ба монгол ёсон” бүтээлийг болдогсон бол Буддын шашинтай айл бүхэн гэртээ залахсан

🕔 2017/06/12 10:42

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу Бурхан буддагийн мэндэлсэн Их дүйчин өдөр болох 2017 оны 06 сарын 09-нд Налайхын Сайн номун хийдийн хамба С.Нэргүй бурханы шашинтай холбогдуулан бичиж хэвлүүлсэн  3 шинэ номын нээлт боллоо. Энэхүү шинэ номын нээлтийн арга хэмжээнд олон зочид төлөөлөгчид урилгаар оролцсон байна. Уригдсан зочдын нэг болох Түүхийн ухааны доктор, МУБИС-ийн дэд профессор На.Сүхбаатараас тодруулга авснаа уншигчиддаа хүргэе.

– Сайн байна уу, та сайхан зусаж байна уу?

– Сайн, сайн байна уу, сайхан зусаж байна

– Шинэ номын нээлтэнд уригдан ирээд байна, та эдгээр номны тухайд ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?

– "Сайн номун” хийдийн хамба С.Нэргүйгийн бурханы шашинтай холбогдуулан судлаж, хэвлэж, олны хүртээл болгож байгаа  "Бурханы шашин ба монгол ёсон”, "Дөрвөд Аман Зохиолын чуулган”, "Жарун Хашор Суварганы түүх”  хэмээх гурван номын нээлтийн арга хэмжээнд уригдсандааа баяртай байна.Би хувьдаа эдгээр 3 номноос онцлон "Бурханы шашин ба монгол ёсон” номны тухайд хэдэн зүйл хэлье гэж бодож байна. Бид бол буддын шашинтнууд. Бидний шашин соёл 1990 оноос хойш дахин сэргэсэн.  Гэхдээ энэ сэргэлт зөв явж байна уу, буруу явж байна уу гэдгийг бид үнэлж чадахгүй байгаа, үнэлэх цаг нь ч биш байх. Энд нэг л зүйл их тодорхой байгаа. Бид буддын шашинтнууд атлаа бурхан шүтээнээ танидаггүй, хийж байгаа зан үйлээ ойлгодоггүй, бэлгэдэлүүдээ мэддэггүй, ямар ямар зан үйл, шат дамжлагаар явж бурханы зам мөрөөр замнах, лам хувраг нарыг хэрхэн ойлгох зэрэг цогц том асуудалд бид нэг мөр хариулт өгч чадахгүй явсаар өдийг хүрсэн. Тэгвэл  С.Нэргүй хамбын  "Бурханы шашин ба монгол ёсон” бүтээл нь энэ бүхэнд энгийн байдлаар нэг мөр хариулт өгч чадахуйц анхны бүтээл болж чадсанаараа онцлог.

Эл ном Бурханы сургаалиар сэтгэлээ засаж амьдралдаа дадуулахуй, Бурханы шашны зарим ойлголтуудын тайлбар,  Ёс заншил, монгол уламжлал,  Шашны бэлгэ тэмдэг ба дүрслэлүүдийн тайлбар, Бурханы шашны  гол  шүтээн бурхад гэсэн 5 бүлэгтэй, бүлэг тус бүр дурьдсанчлан өөр өөрийн утга агуулгыг бүрэн илэрхийлсэн.Үнэндээ бид өнөөдөр бурхадаа танихгүй л байгаа шүү дээ. Аль нь Богд Зонховын хөрөг вэ? Аль нь бурхан Буддагийн дүр вэ гэдгээ ч бид ялгаж танихгүй.

Дээр нь  бид бурханы шашны олон зан үйлийг буруу зөрүү, дам сонсож дуулсан төдийгөөр бид ойлгож ирсэн. Тэгвэл энэ бүхнийг Монголчууд бидэнд нэг мөр тайлбарлан таниулж байгаагаараа энэ бүтээл ёстой цагаа олсон ном боллоо гэж хэлэх байна. Тиймээс энэ бүтээлийг болдогсон бол Буддын шашинтай айл бүхэн, үгүй ядаж отог омгийн ахлагч, айлын ууган хөвүүний, цаашлаад түүх соёл, бурхан шүтээнээ хүндэлдэг хүн бүрийн ширээний ном болгох юмсан гэж бодож байна. Би л гэхэд бурханы шашинтан, бас энэ чиглэлийг сонирхон судладаг гэх атлаа гадны /христын/ шашинтнуудын дэргэд шашны талаарх мэдлэгээр дутуу байдаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Надад л ийм зүйл тохиолдож байгаа гэж бодохоор жирийн сүсэгтнүүдэд ямар байх нь ойлгомжтой. Харин энэ номыг уншсаны дараа бол Буддын шашны тухай таны ойлголт улам бүр тод болох болно. Одоо бид энэ номыг яаж аль болох олон хүнд хүргэх вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй.

– Хуучин цагт  бараг л айл бүрт Алтангэрэл, Доржжодав сударууд байсан гэдэг шиг өдгөө айл бүр энэ номтой болох нь зүйтэй гэж та хэлэх гэж байна уу?

– Яг тийм, таны хэлсэнчлэн хуучин цагт айл бүрт Төвд бичгээр бичигдсэн сударууд байсан бол шинэ цагт эх хэл бичиг дээр бурханы шашны зан үйл, ёс заншил, уламжлал, бурхадын бэлгэдэл, шүтээний тайлбар зэргийг нэгэн зэрэг багтаасан ийм л бүтээлийг бид авах нь зүйтэй. Нэмж  хэлэхэд эртний мэргэд дор хаяж 2-3 хэлтэй байсан гэдэг. Тэгвэл  "Бурханы шашин ба монгол ёсон” бүтээлийг туурвисан С.Нэргүй лам Жагарын оронд олон жил шавилан төвд хэл бичигт нэвтэрсэн, хожим нь АНУ-д суралцаж, англи хэл дээр докторын зэрэг  /Ph.D/ хамгаалсан, төвд англи хэлтэй манай  шинэ үеийн буддистуудын сор болсон боловсон хүчин, эрдэмтний нэг юм. Тиймдээ ч  энэ хүн  та бидэнд үгүйлэгдэж байсан  "дутуу зүйлийг олж харж”  Бурханы шашны тухай ойлголт, зан үйл, соёл уламжлал, бэлгэдэл болон бурхадын тайлбарыг олон хэлний, олон арван мэдээллийн эх сурвалжаас шүүрдэн шүүж багтаасан цогц бүтээлийг туурвижээ.

– Та энэ талаар бодитой жишээ татаж ярьвал?

– Бурханы шашны зан үйлтэй холбоотой ганцхан жишээ хэлье. Бид лам нараар тайлбарлуулан байж Хийморийн дарцаг хийсгэдэг. Гэтэл Хийморийн дарцагийн утга учрыг ойлгож байгаа хүн хэд байна вэ? Тэгвэл дээрх бүтээлд энэ талаар тодорхой зааж өгсөн байгаа. Буддын шашин бол ухаарлын шашин. Түүнийг ойлгож, таниж, мэдэж байж хүнд гүн бат сүсэг төрнө. Гүн бат сүсэгтэй хүн бусдад буруу хар үйл хийхгүй шүү дээ. Магадгүй үүгээр дамжуулан хулгай дээрэм мэтийн буруу үйлийг ч хазаарлаж болно. Шашны ухаарлаар дамжуулан үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, бусдад эелдэг найрсаг хандах, нүгэл хилэнц хийхгүй байх нь эргээд нийгмийн амьдралд эерэгээр нөлөөлж, хөгжил дэвшил рүү зон олныг хөтлөх нэг шижим болно гэж боддог. Одоогоос 2500 гаруй жилийн өмнөх зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ гэгээн өдөр Бурхан Будда мэндэлж байсан бол өдгөө Бурханы шашинт монголчуудад гарын авлага болохуйц сайхан бүтээл мэндэлсэнд олзуурхаж, маш их баяртай хүлээн авч байна. Энэ бол гайхамшигтай бүтээл. Монголчууд та бүхэн маань энэхүү бүтээлийг заавал олж аваарай, бас уншаарай гэж хэлэх байна.

– Таньд баярлалаа

Ярилцсан Ц.Мөнх

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол