ГОВЬ-АЛТАЙН ҮНДЭСНИЙ СУРЫН ХОЛБОО “ШИЛДГИЙН ШИЛДЭГ”-ЭЭР ШАЛГАРЧЭЭ
Говь-Алтай аймгийн Үндэсний сурын холбоо өнгөрч буй 2017 онд нэлээд ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Тэд улс бүсийн чанартай найман тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулжээ.
Хамгийн томоохон нь “Холимог багийн улсын аварга” шалгаруулах тэмцээнийг Баян-Уул сумын харьяат дархан мэргэн О.Магнайн нэрэмжит болгон зохион байгуулж 25 багийн 493 тамирчин оролцож цэц мэргээ сорьсон нь Алтай нутгийн алтан зурхайд анх удаагаа хамгийн олон харваач оролцсон тэмцээн болжээ. Энэ тэмцээнээс 10 гаруй спортын болон дэд мастерууд төрсөн байна. Алтайн харваачид “Говь-Алтай” баг, “Засагт хан” клуб гэсэн хоёр багт харьяалагдан хичээллэж байгаа ажээ. Энэ оны эцэст Говь-Алтайн үндэсний сурын холбоо Улсын “Шилдгийн шилдэг” холбоогоор, аймгийн Засаг даргын тамгын газар “Шилдэг хөрөнгө оруулагч” байгууллагаар, оны ахмад шилдэг тамирчнаар Шарга сумын харьяат хүндэт мэргэн Д.Батмөнх, шилдэг нум урлаачаар Тайшир сумын харьяат Н.Эрдэнэзуу нар шалгарсан байна.
Тус аймгийн сурын холбоо бүх сумдаа салбараа байгуулсны дээр Үндэсний сурын холбоо, “Засагт хан” клубээс 17 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж сургалтын нум, сум, хасаа, иж бүрдлийг олгож сургалт зохион байгуулснаар үндэсний сурын спорт жигд хөгжих боломж бүрдсэн байна.