ЦАС НЭМЭГДЭЖ, ХҮЙТНИЙ ЭРЧ ХАДГАЛАГДАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч нэмэгдэж сүүлийн өдөр хоногуудад тогтмол цас орж байна. Хойд чиглэлийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдын нутагт 0.2-0.5 мм, Бугатад 0.7 мм цас орсон байна.
Нийт нутгаар шуурга салхи багатай байгаагаас хүйтний эрч тогтвортой нэмэгдэж Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар өдөртөө 19-24 градус, шөнөдөө 30-35 градус хүйтэрч Завхан голын дагуу Жаргалан сумд 37 градус хүрч хүйтэрч байна. Хүйтний эрч энэ долоо хоногийг дуустал тогтвортой хадгалагдах бөгөөд цас хяруу ч нэмэгдсээр байх ажээ. Энэ нэгдүгээр сард тус аймгийн хойд талын болон баруун чиглэлийн нутгуудад орох хур тунадас өмнөх жилүүдээс ахиу хэмжээний, хүйтний градус ч илүү байна.
Малчид иргэд энэ нөхцөлд тохируулан хувцаслаж, хээр хөдөө зорчихдоо унаа машиныхаа найдвартай байдлыг хангаж явахыг аймгийн УЦУОШГ-аас анхааруулан сэрэмжлүүлэх мэдээллийг байнга өгч байна.
Ш.Цоодол