Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч С.Пүрэв таалал төгсчээ
Өнөөдөр Монголын Зохиолчдын эвлэлийн 89 жилийн ойн өдөр. Энэ өдөр өглөөхөн л "Өнөөдөр МЗЭ-ийн маань 89 жилийн ойн өдөр. Үүний 55 жил миний амьдралтай гүн бат холбоотой. Энэ бол миний хувь заяа, баяр жаргал, бас нэр хүнд. Үйлс зорилго нэгт андууддаа баярын мэнд нисгэв. Жил жилийн 1 сарын 9. Жилдээ ганцхан тохионо, сайхан баярлаарай" хэмээн бичиж байсан, Монголын утга зохиолын нэгэн ноён оргил, Соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв баавай өнө мөнхийн орныг зорьжээ.
С.Пүрэв нь 1941 оны 12 сарын 16-нд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн. 1960 онд Худалдааны техниккум, 1980 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн.
1963 оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн. 1980 онд "Их усны хаялага", "Дэлхий нараа дагана" туужаараа МЗЭ-ийн шагнал, 1996 онд "Азын цэнхэр уул", "Их усны хаялага" номоороо Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2002 онд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн билээ.
Их зохиолч С.Пүрэв агсны ар гэр, ах дүү хамаатан садан, Монголын утга зохиолын салбарынхан, зохиолчийн эрхэм уншигчдад гүн эмгэнэл илэрхийлье!
Ум сайн амгалан болтугай!