Тамхинаас гарах үе шатуудыг танилцуулж байна
Тамхидалт
Тамхи гэдэг нь татах буюу үнэрлэж, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах, нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.
Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг ба үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг ажээ. Жишээлбэл: хулгана мэрэгч амьтдын устгахад хэрэглэгддэг арзен, хорт хийн камерт ашигладаг цианид, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг бохь, хамгийн гол нь донтуулах үйлчилгээтэй никотин агуулагддаг байна. Тамхинд байдаг никотин хэмээх бодис донтуулдаг үйлчилгээтэй учраас тамхинд нэг орчихвол түүнээс гарах амаргүй болдог. Никотин нь маш хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэлзүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох, түүнийг байнга шаардахыг хэлнэ.
Тамхины бохь нь зөвхөн уушгийг харлуулдаг төдийгүй хавдар үүсгэхэд нөлөөлдөг олон бодисыг ихээр агуулж байдаг. Нэг жилийн турш өдөр бүр 20 ширхэг тамхи татвал 1 аяга тамхины бохь уухтай тэнцүүбайдаг. Тамхи татдаггүй хүн тамхины утаатай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хорт бодисоор амьсгалж байгаатай тэнцдэг. Уушгины хавдрын 90% нь тамхинаас болж үүсдэг. Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх шалтгаан болдог.Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтнүүдэд тэжээл дутагдаж зүрх,тархины шигдээс үүсгэдэг.Хорт хавдрын -38%,зүрх судасны өвчний -34%,амьсгалын эрхтний өвчлөлийн -28% нь дан ганцхан тамхи татсанаас болж үүсэж байна.Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ.
Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй жил бүр 7,2 сая хүн нас бардаг. 2013 онд Монгол улсад хийгдсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи хэрэглэдэг гэжээ. Тамхи хэрэглэгчдийн ихэнх нь (91,7%) тамхийг өдөр бүр тогтмол татдаг байв. Судалгаанд хамрагдсан 2 хүн тутмын 1 нь (42,9%) гэрийн дотоод орчинд, 3 хүн тутмын 1 нь (35.6%)ажлын байрандаа дамтамхидалтын эрсдэлд өртөж байна.
Монгол Улсын 2013 оны Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа буюу “ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаа”ны үр дүнд сурагчдын 22% нь тамхи татдаг гэж хариулжээ. Тамхи татаж үзсэн нийт сурагчдын 61,4% нь 14 наснаасаа өмнө тамхи татсан байлаа. Нийт сурагчдын 9,4% нь сүүлийн нэг сард нэг түүнээс олон удаа тамхи татсан байлаа. Судалгаанд хамрагдсан сурагчдын 60,8% нь сүүлийн 7 хоногт дам тамхидалт өртсөн байна. Сурагчдын 44,6% нь тамхитай орчинд амьдарч байгаа нь 38,6% нь эцэг эх, эрэгтэй асран хамгаалагч тамхи татдаг, 2,6% нь ээж, эмэгтэй асран хамгаалагч, 3,4% нь эцэг эх хоёулаа тамхи татаж байгаагаас харагдсан.
Мөн манай улсад 2017 онд хийгдсэн дэлхий дахины залуучуудын тамхины судалгаагаар тамхи таталтын тархалтын байдал 14.3 хувьтай, үүнээс эрэгтэй сурагчдын /20.3%/ эзлэх хувь нь эмэгтэй сурагчдаас /8.3%/ даруй 2 дахин их байна. Мөн судалгаанд хамрагдсан залуучуудын 45 хувь, үүнээс хөвгүүдийн 56,7%, охидын 33,9% нь тодорхой хэмжээгээр тамхи татаж үзсэн байна. Нийт залуучуудын 5,6%, үүнээс хөвгүүдийн 8,2%, охидын 2,9% нь одоогоор тамхи татаж байна.
Сурагчдын 42,4% нь гэртээ, 49,8% нь хаалттай олон нийтийн газар тамхины утаанд өртөж байсан байна. Сүүлийн 7 хоногийн хугацаанд судалгаанд хамрагдсан сурагчдын 54,4%-д тэдний дэргэд болон гэрт нь хэн нэгэн хүн тамхи татсан байна. Судалгаанд хамрагдсан сурагчлын эцэг эхийнх нь нэг эсвэл хоёулаа татдаг гэж 54,5% нь хариулсан бол, тэдгээр сурагчдын найз нөхдийн ихэнх нь эсвэл бүгд тамхи татдаг гэж зөвхөн 6,4,% хь харилусан. Ойролцоогоор 10 оюутан тутмын 9 нь (88%)тамхи татах нь тэдний болон бусдын эрүүл мэндэд нөлөөлнө гэж үзсэн. Мөн судалгаанд оролцсон сурагчдын 79,1% нь нийтийн үйлчилгээний газарт тамхи татахын бүрэн хориглох хэрэгтэй, тамхи татахыг хориглосон хууль хэрэгждэггүй гэж үзсэн байна.
Хүн амын бөгөөд тэр дундаа залуучууд, сурагчдын тамхины хэрэглээг багасгах нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд энэ чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааг хүртээмжтэй болгох, ухуулга сурталчилгааг эрчимжүүлэх, тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, хамтын ажиллагаа түншлэлийг өргөжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Иргэд та бүхэн тамхинаас гарахын тулд дараах үе шатуудыг дамжин тамхиа хаях боломжтой.
Тамхиа хаяхад бэлтгэх:
• Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла
• Тамхитай холбоотой бүх зүйл (тамхи, тамхины асаагуур, гаанс, үнсний сав)-ыг хая.
• Үг хэллэг, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл
• Тамхиа хаяж чадна гэж өөртэйгээ ярьж, өөрийгөө байнга зоригжуул
• Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд.
Тамхинаас ангижрах:
· Үгүй, татахгүй гэж хэлж сур
· Тамхи асаах шалтаг бүү гарга
· Какао, кофе, коко кола зэрэг тамхи татах сонирхлыг төрүүлдэг ундаа, хоол хүнснийг бүү хэрэглэ
· Тамхи татах хорхойгоо дарах аргуудыг хэрэглэ (хатуу чихэр хүлхэх, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт)
Тамхи татахгүй чигээр үлдэх
· Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг тунгаан бод
· Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас зайлсхий
· Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалц
· Тамхи татдаггүй болсноо бусдад харуул
Та тамхиа хаяж чадвал
· Өдөрт хэд дахин хороор амьсгалах шаардлагагүй болно
· Цагаа үр ашиггүй үрэхгүй
· Бусдыг хордуулахгүй
· Бусдад зэмлүүлэхгүй
· Тамхинд мөнгөө үрэхгүй.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ