📅

Хүйтний эсрэг юу хийж чадах вэ, бид

🕔 2018/01/24 10:26

Хүйтний эсрэг юу хийж чадах вэ, бид

 

Ойрын хэд хоногийн хүйтрэлт орой руу орж байна. Өдөртөө -26, шөнөдөө -36 градусын хүйтрэлт. Уг нь нэг их сүржигнээд байхаар хүйтэн биш л дээ. Сүүлийн жилүүдэд л ийм хүйтэн бараг тохиогоогүй учраас л бэргэж цэрвээд байгаа хэрэг. Тэгснээс энэ зэргийн хүйтрэлт Монгол нутагт бараг хэвийн үзэгдэл. Тэр дундаа дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр нэрлэгдээд байгаа Улаанбаатарт. Гэхдээ биднээс хэд дахин илүү хүйтэнд нөхцөлд ажиллаж амьдардаг хүмүүс бий.Тэр тухай товч өгүүлсү..

Өвөл Оймяконд очих нь Ангараг  гариг хүрэхээс ч хэцүү

Якутын  Оймякон тосгонд  энэ өвөл -70 хэм хүрсэн гэх мэдээлэл байна. Ямартай ч термометр тэр их хүйтнийг зааж чадалгүй хагарч байсан гэжээ.  Хүйтний туйл гэдэг Оймякон манай гарагийн хамгийн хүйтэн газар бас биш. Хамгийн гол нь хүн байнга оршин амьдардаг газар гэдэг утгаараа  алс буйд энэ тосгон дэлхийн анхааралд өртдөг. Энд нэгдүгээр сарын агаарын дундаж темпратур -50 градус, хоёрдугаар сард -47,3 градус байдаг. 1938 онд Оймяконд -77,8 градус хүрч хүйтэрсэн гэх    мэдээлэл байдаг аж.  Өвөл нь ийм хэрнээ зун зургаа, долдугаар сард +30 градус  хүрч дулаардаг.  Эндхийн өвөл, зуны агаарын темпратурын зөрүү 104 градус  хүрдэг. Темпратурын ийм их зөрүү дэлхийн өөр хаана ч  байхгүй.  

Оймякон тосгонд одоо 500 орчим хүн байнга оршин суудаг. Энд интернет, нисэх буудал, холбоо, эмнэлэг сургууль гээд бүх юм бий. Сүүлийн үед жуулчид ихээр очих болсон. Гэхдээ зуны улиралд. Үзэж харах юм арвин. Өвлийн тэр -50 градусын хүйтэнд хөлддөггүй гол горхи,  зуны 30 хэмийн халуунд хайлдаггүй мөс гээд. Сталины үед  ГУЛАГ-ийн бөөнөөр хорих газар энд байжээ. Энэ тухай А. Солженицын “Гулаг олтриг” гээд зохиол бий. Энэ -50 хэмийн хүйтнийг осгочихолгүй амьд мэнд давсан хоригдол тийм олон биш байх. Эндхийн ГУЛАГ-ийн хорих газар одоо музей болсон. Үүнийг үзэхээр  жуулчид олноороо ирдэг. Харин өвөл болохоор Оймякон тийш хэн ч зүглэхгүй. Өвлийн улиралд Оймяконд очих нь Ангараг гараг руу хүрэхээс хэцүү гэх үг бий.

Өөр өөрийн өнгө, гэрэлтэй  эргэх дөрвөн улиралдаа бид дуртай

Хүн гэгч амьтан дулаанд дуртай. Манай гаригийн хүн амын 99 хувь нь шөнөдөө -20 хэмээс дээш хүйтэрдэггүй  цаг агаарын тийм таатай бүс нутагт амьдардаг гэсэн тоо баримттай таарлаа. Тэгэхээр ердөө нэг хувь нь л тэр хүйтэн бүс нутагт ажил амьдралаа залгуулж байдаг аж. Тэдгээр нь хэн бэ гэвэл монголчууд, хойшоогоо Сибирийн орос,  якутууд /түгээмэл нэрээрээ/  гэсэн үг болох нь.

Бидний хувьд эх газрын эрс тэрс уур амьсгалтай төв Азийн энэ өндөрлөгтөө дасан зохицсон, байгаль цаг агаар нь хүн, малаа тэсвэр тэвчээртэй болгосон,  үүний төлөө бурханд талархаж явдаг ард түмэн. Өөр өөрийн өнгө, гэрэлтэй  эргэх дөрвөн улиралдаа бид дуртай. Гэхдээ өвлийн улирал хэзээ ч бидний толгойг илж байсангүй. Тийм болохоор  бид өвлийг байгалийн шалгуур хэмээн тодотгодог байх. Хаврын сар гарангуут л дараа өвлийн тухай ярьж сануулах шалтгаан энэ.

Хорвоо дэлхий уудам юм болохоороо зарим газар нь цан хүүрэг татаж, жавар тачигнаж байхад ертөнцийн хажуу бөөрөнд шатам халуун төөнөж байдаг. Ийм л эрс тэс. Харин хүн төрөлхтөн халуун хүйтэн аль нь ч байлаа түүнд ажил амьдралынхаа хэв маягийг тохируулахын зэрэгцээ дарамт нөлөөллийг нь багасгахаар  хичээж зүтгэсээр иржээ.

Халуун бүс, тухайлбал  монголчуудын их зорчдог Тайландад гэхэд нийтийн тээвэр, албан байгууллага, оффис, үйлчилгээний газрууд хаана л бол хаана сэрүүцүүлэх төхөөрөмж тавьсан байдаг. Нийтийн тээврийн зогсоолууддаа хүртэл бидний нэрлэж заншснаар эйркондишн буюу сэрүүцүүлэх төхөөрөмж суурилуулдаг.  Мөн барилгын гадна дотно ханаар хүйтэн ус, хий зэргийг гүйлгэх,  Вьетнам зэрэг улс зочид буудлын өрөө тасалгааг сэрүүн байлгахын тулд зарим хүйтэн цуст гүрвэлийг хүртэл ашигладаг жишээ байх юм. Түүнчлэн хотын төвдөө салхи үүсгэгч генератор байрлуулах гэхчлэнгээр өөр өөрийн хэмжээнд хэт халууны эсрэг  тэмцдэг.

Хүйтний эсрэг бид юу хийж чадах вэ

Монгол нутаг маань өвөлдөө хүйтэн, зундаа халуун талдаа. Энэ нь хүмүүсийн тав тух, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байж таарна. Ер нь аливаа  хэм хэмжээнээс хэтэрсэн бүхэн сөрөг хандлагатай байдаг. Тэгэхээр  энэ бүх нөлөөллийг багасгах арга чарга бидэнд байгаа юу. Зуны халуунд яая гэхэв, сүүдэр газар бараадаад болгочихно. Харин өвөл бол хэцүү. Гадаа гудамжиндаа хальтирч  уначих гээд автобусны зогсоол дээр бүтэн цагаар зогсч бээрчих гээд зовлон их.

Дэлхийн улс орнууд халдаг гудамжтай болсон нь цөөнгүй. Гудамж гэж томоор ярихаа больё, явган хүнийхээ зам, томоохон үйлчилгээний газрын гаднах довжоогоо халдаг болгочихвол цас мөс тэнд тогтож төвөг удаад байхгүй. Ингэвэл хальтирч унаж, өдөрт хэдэн зуугаараа гэмтлийн эмнэлэг зорих хэрэггүй болно. Тэр  үнэгүй түгээгээд байгаа шөнийн цахилгаанаар явган хүнийхээ замыг халаах боломжийг эрж байвал ямарав. Эсвэл нарны эрчим хүчээр шийдсэн ч болно шүү дээ. Хэтэрхий утопи биш биз дээ.  

Автобусны зогсоолоо шилэн ханатай халдаг  “ТҮЦ” болгочихоё гэвэл бас мөрөөдөл үү. Зорчигчид  дээрээс халаалттай шилэн байшин дотроо  ая тухтай, аяга халуун кофе уусан шигээ унаагаа хүлээнэ гэсэн үг.  Тэгээд хэн нэг нь автобусны буудлаа түрээсэлчихээд иргэдэд өвөл нь халуун цай кофегоор, зуны халуунд хүйтэн ус ундаагаар үйлчилдэг байвал одоогийн энэ ТҮЦ-үүдийг нүүлгэх гэж үйлээ үзэхийн хэрэггүй аяндаа алга болно.

Өвлийн улиралд нийслэлд хоногт 5-6 хүн осгож нас бардаг гэх тоо баримт бий. Энэ замын нүхэн  гарцны зарим нь халдаг байвал согтуу хөлчүү, орон гэргүй хүмүүс бараадаж хоног төөрүүлээд байх боломжтой. Ер нь осголт, дааралтаас  сэргийлсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Үүнийг манай эрдэмтэд бүтээж дотооддоо үйлдвэрлэж яагаад болохгүй гэж.

Юм хөгжиж байна аа. Цаг агаарын нөлөөллөөс ангид байх боломж  хүн төрөлхтний ирээдүй ч байж мэднэ. Дэлхий ингэж байхад Улаанбаатарынхаа хүйтнийг гайхаад гараа ханцуйдаа хийгээд бээвийж байлтай биш.  Хүйтнийг ч бас боломж болгож болно ш дээ.

П.Булган

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол