ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА 25 ХУВЬ, ЗЭЭЛИЙН ХҮҮ 7,5 ХУВЬ БОЛЖ БУУРАХ УУ?
Ипотекийн найман хувийн зээл олгож эхэлснээс хойш зээлийн эх үүсвэрийг Монголбанк хариуцаж ирсэн байдаг. Харин энэ жилээс эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийг Засгийн газар бүрэн хариуцахаар болж 2018 оны төсөвт 120 тэрбум төгрөг суулгаад байна. Харин зээлийн эргэн төлөлтөөр сардаа 16 тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд энэ нь жилдээ 200 орчим тэрбум төгрөг болно. Ингээд энэ жил 320 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулахаар болж байна. Өнөөдөр иргэд ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцанд орох хүсэл их бий... Гэтэл зээлийн урьдчилгаа 30 хувийг төлөх иргэд шавхагдаж эхэллээ. Иймээс зээлийн урьдчилгаа 30 хувийг 25 хувь болгон бууруулах асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байна. Түүнчлэн орон нутаг болоод хотын зах хэсгээр орон сууц худалдан авах иргэдэд зээлийн хүүг 7,5 хувь болгож бууруулах асуудал яригдаж байгаа юм.
Урьдчилгаа 30 хувиас 25 болж буурах нь иргэдэд 5 хувийн дарамт багасна гэсэн үг. Түүнчлэн хотын төв хэсгийн ачааллыг бууруулж, шилжин ирэгсдийн төвлөрлийг сааруулахын тулд орон нутаг дахь орон сууцны борлуулалтын дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Иймээс орон нутаг, захын орон сууцанд хамрагдах иргэд 7,5 хувийн хүүтэй зээл авах боломжтой болох нь.
Энэ жилийн санхүүжилт ипотекийн зээлд хангалттай хүрэлцэхгүй ч цаашдаа ипотекийн зээлийн санг өсгөхийн тулд тэтгэврийн сан, нийгмийн даатгалын сангаас нэмэгдүүлэхээр судлаж байгаа. Үүнээс гадна зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд зах зээлд бонд гаргах, олон улсын зээл тусламжийг судалж эхэлжээ.
Эх сурвалж: ТӨР.МН