АНУ-ын гимнастикийн тамирчдыг оролдсон эмчид 175 жилийн ял оноолоо
АНУ-ын олимпийн гимнастикийн багийн ахлах эмч Ларри Нассарын шүүх хурал өчигдөр болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 175 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Эмчийн шүүх хурал долоон сар үргэлжилсэн бөгөөд түүний хохирогчид гэх 150 гаруй хүн оролцож, мэдүүлэг өгчээ. Ларри Нассар эдгээр хохирогчдын 10 гаруйтай нь хүчээр бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр өмнө нь хүүхдийн порно материал хадгалж байсан хэргээр 60 жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан юм. Хохирогчдын дунд олимпийн аваргууд байсан нь олон нийтийг цочирдуулсан билээ. Тамирчдыг гэмтэл авч, эмнэлэгт хэвтэж байхад нь үзлэг нэрийдлээр оролдож, улмаар хүчирхийлдэг байжээ.
Гимнастикийн тамирчдаас анх Рашел Денхолландер 15 настайд нь түүнийг Нассар оролдож байсан тухай зарласанаар уг хэрэг илчлэгдсэн байна.
Нассарыг өнгөрсөн 2015 онд АНУ-ын гимнастикийн спортын холбоо ажлаас нь чөлөөлж байсан юм.
Уг хэргээс жилийн дараа түүнийг насанд хүрээгүй хүүхдүүдийн порно бичлэг, зураг зэргийг хадгалж байсан хэмээн буруутгаж, баривчилжээ.