Шинийн нэгний өглөөний нарыг харж уухайлах нь буруу гэв
Шинийн нэгний өглөө Монголчууд бидний хамгийн анхлан үйлддэг ёслол бол тэр өдрийн нарыг харж, түүндээ буян заяагаа даатгадаг зан үйл юм. Бид ихэнх дээ цай, сүүнийхээ дээж, хонины өвчүүгээр өргөл өргөж, нарандаа залбирдаг. Зарим нь уухайлж, архи өргөх нь ч бий.
Тэгвэл энэ ёслолыг зөв үйлдвэл сайн гэж “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа айлджээ.
Тэрээр “Сүүлийн жилүүдэд нар харахаар явж байгаа хүмүүс утга учиргүй, замбараагүй үйлдэл хийж байна. Архи, сүү өргөдөг, мөнгө тавьдаг, уухайлж бахирдаг боллоо. Мандах нарнаас энерги авах нь зөв. Гэвч буруу үйлдэл хийж байна. Нарны бурхан гэж бий. Бурханыхаа дүр, хөргийг залаад сан тахилга, ерөөл магтаалыг нь хэлээд ёс журмынх нь дагуу хийж хэвшвэл нарнаас сайн сайхан энерги авч болдог. Мөн шинийн нэгний өглөө овоон дээр гардаг уламжлалтай. Үүнийгээ ч Монголчууд буруу үйлддэг. Арц хүж уугиулж, арвай будаа, боов боорцог, сүү цагаан идээ, рашаан өргөх нь зүйтэй. Ингэснээр ундаассан ан амьтанг хооллох боломжтой юм. Тэгэхээр бид уламжлалаа утгаар нь авч явах ёстой юм. Тэгэхгүйгээр утгаа алдвал хүнд буян болохоосоо гай барцад болох нь бий” гэжээ.
Тэгэхээр шинийн нэгний өглөө нарны бурханд буян заяагаа даатгаж, ан амьтан хооллон буян үйлдэх ёстой юм байна.