Шатахуунаа хувьчилсан төр хувийн хэвшилд ”БАЗУУЛЖ”байна
Монгол улс стратегийн гол бүтээгдэхүүнээ хувийн мэдэлд өгснөөр өнөөдөр хувийн ААН-үүдийн гарын аясаар хөдөлж байна. Гол нэрийн бүтээгдэхүүн мах, гурил, шатахуун зэрэг нь хэдийнэ мөнгөтэй нэгний гарт орж хүссэн үедээ төрийг далаалгаж, хурууныхаа өндгөөр бүхнийг хөдөлгөж байна. Үүний нэг тод жишээ бол стратегийн гол бүтээгдэхүүн болох шатахуун...
Өнгөрсөн хугацаанд шатахууны үнийн нэмэгдэл иргэдийн халаасыг нимгэлж, төрийн чадамжгүйг харуулсан. “Биднийг төрийн эрх барьж байх хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй л бол боллоо” гэсэн сэтгэхгүйгээр хандаж, Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр их хэмжээний зээлийг бага хүүтэйгээр шатахуун импортлогчдод олгосон. Ингээд хэсэг үнэ тогтвортой байлаа. Харин төрөөс татаас өгөхгүй болсноор тэд шатахууны үнэ нэмэхээр далаалгаж эхлэв. Төр юу ч хийгээд ч бардаггүй жишээ ердөө энэ. Онцгой албан татварын хувь хэмжээг тэглэлээ... А-80, АИ-92 авто бензины үнийг нэмэхгүй байхаар тохиролцсон. Гэтэл энэ шийдвэр огт хэрэгжсэнгүй хэдийнэ шатахууны үнэ 30-110 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Цаашид ч хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй байсаар... Энэ бүхний “Хар гай” хувьчлалттай л холбоотой...
2004 онд“НИК”-ийг хувьчилсан. Ингэснээр монгол улсын шатахууны хэрэглээ, зах зээлийг энэ хэдэн компани л базаж эхэлсэн. Тэдэнд хууль үйлчилдэггүй, төрийн шийдвэр хамаардаггүй, дуртай үед тавуулаа сууж байгаад үнэ нэмэх эсэхээ шийдчихдэг. Нэг ёсондоо хувийн хэвшлийн алганд төр бөмбөрч байна.
Төр муу менежер гэдэг утгаар ийнхүү хувьчлал хийгдэж... Гэтэл “муу менежер төр” эргээд хувийн хэвшилдээ базуулж эхлэв. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаж, монголын засгийн газраас татварын хөнгөлөлт, татаас өгч байхад монголд шатахууны үнэ буурч байсан удаа байхгүй. Харин зах зээл дээр бага зэргийн үнийн өсөлт ажиглагдахад Шатахуун импортлогч компаниуд тэр даруй үнээ нэмлээ. . Шатахууны үнийн өсөлт бүр иргэн бүрт хүрдэг тул төр бодлогоор зохицуулах шаардлагатай. Гэтэл яагаад төр ХҮЧГҮЙ байна вэ?
Эх сурвалж: ТӨР.мн