Шатахууны үнэ 20-150 төгрөгөөр нэмэгджээ
Байнгын үйлчлүүлдэг цайны газраараа орлоо. Хоолны цэсийнхээ үнийг шинэчилсэн байв. Хоол нэг бүр дээрээ 500 төгрөг хоёр өдрийн дотор нэмснийг зөөгчөөс тодруулбал, “Бензиний үнэ нэмэгдсэн” гэх маш товчхон бөгөөд тодорхой хариулт өгөв. Гараад хажуугийн ТҮЦ-ээс хоёр ширхэг Spearmint бохь авахад 400 төгрөг нэхлээ. Ердөө хоёр, гуравхан хоногийн өмнө нэг ширхэг бохь 100 төгрөг л байсан шүү дээ.
Шатахууны үнэ нэмэгдэх сургаар цайны газар, ТҮЦ, дэлгүүрүүд барааныхаа үнийг ''хөөрхөн'' нэмжээ.
Оны өмнөхөн цахим сүлжээнд “Шинэ он гарангуут шатахууны үнэ өснө. Автомашинаа сайн цэнэглээд аваарай” гэсэн мэдээлэл цацагдсан. Албаны хүмүүс энэ мэдээллийг үгүйсгэж байгаа ч зарим шатахуун түгээх станцууд үнээ нэмсэн гэх мэдээлэл бас бий. Бид энэхүү мэдээлэл үнэн бодит эсэхийг сурвалжлахаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим шатахуун түгээх станцуудаар орлоо. Хэд хэдэн шатахуун түгээх станцуудаар орж үнийн асуудлыг сонирхвол “Бензиний үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна” гэх үгээр ам таглаж буй ч үнэндээ 20-150 төгрөгийн хооронд нэмэгдсэн байсан юм. 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн бензиний үнэтэй харьцуулан доорх мэдээллийг хүргэхээр бэлдлээ.
Нэгдүгээр сарын 3-ны байдлаар:
“Аи-92, 93” шатахуун 1630 төгрөг
“Аи-95” 1820 төгрөг байлаа.
2018.01.08 - 17:30 Сансрын тойрог дахь салбар Петровис шатахуун түгээх станцаар оров. Тус станцад 2018 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар Аи 92 шатахуун 1630 төгрөг, Аи 95 1820 төгрөгийн үнэтэй байгаа нь үнэд өөрчлөлт ороогүйг харуулж байна.
Сансрын тойрог дахь салбар “Шунхлай” ШТС-ын борлуулж байгаа Аи 95-ийг 1970 төгрөгөөр буюу 150 төгрөгөөр нэмээд гурав хонож байгаа гэнэ. Яагаад үнээ нэмэх болсон талаар шатахуун түгээгчээс асуухад “Бид нар өөрсдөө нэмээгүй, дээрээс ирсэн тушаалыг л биелүүлж байгаа шүү дээ” гэв.
Хил хамгааллын ерөнхий газрын ард талд байрлах салбар “Магнай трейд” ШТС-ын борлуулж байгаа Аи 92 шатахууныг 1630 төгрөгөөр, Аи 95 бензинийг 1900 төгрөгөөр зарж байна. Эндээс харвал Аи 95-ыг 80 төгрөгөөр нэмжээ.
32-ын тойрог дахь салбар “Сод Монгол” ШТС-ын борлуулж байгаа Аи 92 бензин 1630 Аи 95 нь 1810 төгрөгийн үнэтэй байлаа. Нэгдүгээр сарын 3-ны байдлаар Аи 95 нь 1820 төгрөгөөр зарагдаж байсан бол тус компани 10 төгрөгөөр шатахууны үнийг бууруулжээ.
Баянбүрд дахь салбар 'Тэс петролиум'' ШТС-ын борлуулж байгаа Аи 92 нь 1650, дизель түлш нь 1750 төгрөгийн үнэтэй байлаа. Энэ нь оны өмнөхөөс 20-30 төгрөгөөр нэмэгдсэн үнэ юм.
Харин өчигдөр /2018.01.08/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийхдээ “Үнэхээр бензин шатахууны хомсдол үүсэж, нийлүүлэлт багасаагүй. Тиймээс аж ахуй нэгж байгууллага дураараа үнэ нэмэх, нөөцлөх асуудал байх ёсгүй” гэсэн юм. Шатахууны үнийн зөвлөл өчигдөр өглөө хуралдах ёстой байсан ч ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар өнөөдөр /2018.01.09/10.00 цагт хуралдахаар товлосон. Тус зөвлөлийн хурлаар шатахуун импортлогч компаниуд цаашид шатахууны үнэ нэмэгдэх эсэх болон төр ямар арга хэмжээ авах талаар ярилцах юм байна.