Гортигны гаднах АН, МАН
Улс төрийн халуун тогоо, түүн дотор ид буцалж буй үйл явдлын гортигны гаднах хэдий ч, АН, МАН –ын дотоодод өрнөж буй үйл явдал анхаарал татаж байна. АН-ын хувьд аливаа асуудлын шуургыг яаж ийж байгаад МАН руу чиглүүлж, өөрсдийгөө цэвэрлэх, өрөвдөх тактик руу нийгмийн сэтгэлзүйг чиглүүлэх, тэр эрчийг алдалгүй байсаар 2020 онтой золгох сонирхолтой. МАН –ын хувьд улс орны хямралыг даваад гарах тактик боловсруулах бүү хэл, 65-ын бүлэг нь 33, 32-оор хуваагдаж, Засгаа огцруулсан нээнтэгтэй. Одоо ч гэсэн гуравдугаар ээлж нь “хоолондоо” хөтөлбөр хэрэгжүүлэх мөрөөдөлтэй явна.
МАН-ЫНХАН ТАХИМАА ӨГЧИХЛӨӨ
2020 оны сонгууль яагаа ч үгүй байхад МАН тахимаа өгчихлөө. 2016 оны сонгуульд 65 суудал авсандаа хөөрч эргээд газарт буухгүй юм шиг авирласан нь энэ. Доторх талцал, тэмцэл нь ч хурцадсан. Тэр нь сонгуулиас өмнө “60 тэрбум”-ыг босгох үеэс эхэлсэн нь Доржзодовын бичлэгт “Хүрэлсүхийн гар, хөлийг тайр” гэсэн зааварчилгаа өгч буйгаар илэрсэн. Дараа нь Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгосон ч танхимын сайд нарыг батлах гэж өчнөөн зөрчилдсөн. Үргэлжлүүлээд М.Энхболдыг дэвшүүлэн хорлосон нууц бичлэгүүдээр дотоод талцал, тэмцэл нь хурцадсан. Тэр гарчихвал хэн УИХ-ын дарга болох вэ, намын даргын албан тушаалд хэнийг тавих вэ, Төв аймгийн нөхөн сонгууль юу болох вэ гэхчлэн дайтсан нь тэр. Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Сү.Батболд гээд бүгд л зүтгэсэн. Гэвч эцэст нь саналын тоог хэд нугалж нэмсэн ч М.Энхболд унаж дараагийн хувилбар гарч ирэх нь тэр. У.Хүрэлсүх намын даргын албан тушаалыг авч, УИХ дахь 65-ын бүлэг нь 33,32-оор хуваагдав. Х.Нямбаатар нар оройлон АН-ын бүлэгтэй хамтран Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар саяхан хөтлөлцөж явсан Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх нар дайсан болцгоож, МАН-ын дүрэм дэх “Намын дарга, Ерөнхий сайдын албыг хамтатган хашина” гэсэн заалт хэрэгжив. Өөртэй нь өрсөлдөж тэмцэлдэж асан Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг тэр танхимдаа багтаав.
Ийнхүү МАН-д У.Хүрэлсүхийн эрин эхэлсэн мэт боловч тэр УИХ-ын гишүүн биш учраас их улс төрийн гортигны гадна үлдсэн дан дээлтэй даарч яваа Ерөнхий сайд. Танхимын сайд нар нь давхар дээлтэй, УИХ дахь 65-ын бүлгийн тал нь түүний талд лобби хийдэг ч тэд эрх мэдэл, мөнгөний төлөө хаашаа ч эргэж мэдэх “хүүхэлдэйнүүд”. Тэр тусмаа одоо УИХ дотор цор, цор гээд байгаа амбицтай залуус У.Хүрэлсүхийгээ түлхэж унагаад өөрсдөө гарч ирэхийг мөрөөдөж яваа ч юм бил үү. Тэр бүү хэл, МАН дотор гуравдугаар ээлжийнхэн ч хоолонд орох мөрөөдөлтэй яваа гэлцдэг. Дээр нь саяхнаас АН-ын гишүүд сайд нарыг нэг, хоёроор нь сугалж огцруулах тухай яриад эхэллээ. Үйл явдал хаашаа яаж эргэж юу болохыг таашгүй.
М.Энхболдын хувьд УИХ-ын дарга гэдэг сэтэртэй ч намын даргын албаа өгснөөр “Хаан шалдан байна” гэдэг шиг л байх болсон. Гэхдээ түүний талд 65-ын бүлгийн тал нь үлдсэн. “Хотын фракц” гэж хүчтэй бүлэглэл бий. Тэр 2007 онд С.Баярт намын дарга, Ерөнхий сайдын албаа давхар хамуулчихаад үлдэж байсан. Бас эргээд хүрд эргүүлэх боломжийг шүүрч авч чадсан. Одоо юу бодож, хүлээж буйг өөрөөс нь өөр хэн мэдэх вэ.
АН-ЫН ЛИДЕРҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ДАЙЖИНА
Ардчилсан нам “Нийгмийн даатгалын нам” болсноос хойш лидерүүд нь С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр толгойтой байнга шөргөөцөлдөх болсон. АН-ын олонд хүлээн зөвшөөрөгдсөн хэсэг нь онц биш тодорхойлолттой энэ хоёр хүнээр намаа овоглохыг хүсэхгүй байгаа. Хэдийгээр З.Энхболд, Н.Алтанхуяг нарын хүмүүс Х.Баттулгын дэргэд байгаа ч Ерөнхийлөгчийн Тамгын газар нь тэдний хувьд 2020 оныг хүртэл түр хорогдох байр төдий юм. Тэдний хувьд АН-ыг С.Эрдэнэ “цэвэрлэж” лидерүүдээс салсны дараа намын байрандаа эргэж суух бодолтой. Н.Алтанхуягийн хувьд Х.Баттулга угаас харийн хүн. Нэг намынх биш. Тэдний дунд нэг танхимд байсныг эс тооцвол нөхөрлөл байхгүй. Гэхдээ Н.Алтанхуяг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар түүнд хүчин зүтгэсэн. Энэ нь цаанаа тооцоотой. Нэгдүгээрт, АТГ-аас зугтах нуувч гэж харсан байх. Ер нь тэр бага биш мэдрэмжтэй. “Заан 25 км-ын газраас ус үнэрлэдэг” гэдэг шиг эрх мэдэл, мөнгийг үнэрлэж чадаж байна.
З.Энхболдын тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн л түр хоргодох байр. Ирэх жил хүртэл эвтэйхэн байж байгаад “За би цэгцлээд өглөө, та нар аятайхан аваад яваарай. Би одоо явж намынхаа сонгуулийг удирдая. Та нар минь баяртай, чи наанаа үлд” гээд яваад өгөхөө мэднэ. Одоо бол “Би мундаг лидер. Чамайг ялуулсан” гээд сууж байгаа. Удахгүй З.Энхболд УИХ-ын дарга,С.Эрдэнэ Ерөнхий сайд, Н.Алтанхуяг сайдын эрх мэдэл мөрөөдөн тэдний зам сална.
Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол Х.Баттулгынх биш, АН-ын бодлогын авч яваа одоогийн багийн толгойлогчдийн өрсөлдөөн байх болно. Тэд одооноос өөрсдийгөө бэлтгэж байна. Тиймдээ ч С.Эрдэнэ, Х.Баттулгыг улс төрийн гортигны дотор оруулахгүй гадна талд суулгаж байгаа. С.Эрдэнийн хувьд Х.Баттулга мөн л харийн хүн. Тэр Ц.Элбэгдоржтой нийлж С.Эрдэнийн гараас МоАХ-ыг хууль бусаар бараг л хүчээр булаан авч байв. Энэ нь С.Эрдэнийн хамгийн том шарх бөгөөд тэр намын эрх мэдлийг гартаа атгаж байсан цагт Х.Баттулгыг хэзээ ч хүчтэй болгохгүй. Түүний хувьд сүүлийн үед одончуу дээлээ өмсөөд 21 аймгийг тойрон иргэдтэй уулзах болсон. Энэ нь их улс төр дотор байх ёстой талбай дээрээ хөлөө бат тавьж чадахгүй, бүтэн зогсч чадахгүй байгаа түүний ард иргэдээс дэмжлэг авах гэсэн оролдлого, гудамжны улс төр юм. Цаашлаад хувьсгал хийх юм байх. Гэвч ард түмэн одоохондоо хувьсгал хийх асуудалд санал нэгдэхэд хүрээгүй. Хувьсгал хийгээд цааш хаачих ч билээ. Завшаан нь юу байх вэ. Тэр хэнтэй нийлж, юу хийх нь вэ гээд харвал Х.Баттулга ард түмнийг зэвсэг болгох гэж үзэж буй бололтой. Ийм боломжийг гэхдээ АН олгохгүй. 2020 онд парламентыг авахын тулд Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэж улайрч байгаа хүнийг С.Эрдэнийн баг дэмжихгүй. Тэгээд АН-ын гортигны дотор ч, гадна ч байгаа улс төрчид Женкогийн дор бүгд нэгдэх үү, бараг л үгүй болов уу.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин