Хоёр Солонгосын удирдагчдын уулзалтаас ямар үр дүн гарах бол?
Дэлхий нийтийн анхаарлын төвд буй хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар "Би-Би-Си" телевизийн тоймч Виржиния Харрисоны бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
СӨҮЛ. /Би-Би-Си/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар түүхэн дээд хэмжээний уулзалт хийх гэж байна. Энэ нь тус хоёр улсын хувьд 2007 оноос хойшхи анхны дээд хэмжээний уулзалт болох юм.
Хоёр талын харилцаагаа сайжруулах гэж багагүй хугацаанд хүчин чармайлт гаргасны дүнд хийх гэж буй энэ уулзалт нь АНУ болон Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийх, улмаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах замыг засна гэж шинжээчид үзэж байна.
Мүн, Ким хоёрын уулзалтын яриа хэлэлцээний гол сэдэв нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, тус хойгт энх тайван байдлыг бий болгох тухай байх нь эргэлзээгүй. Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах амлалтыг энэ дээд хэмжээний уулзалтын үеэр өгч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Мөн хориг арга хэмжээ болон тусгаарлагдсан гэр бүлийн асуудал зэрэг хоёр талын хоорон дахь гол асуудлуудыг энэ дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөх нь дамжиггүй.
Энэ уулзалт хэр зэрэг ач холбогдолтой вэ?
Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь тус хоёр улсад төдийгүй бүс нутаг болоод дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Энэ нь 2007 оноос хойшхи хоёр Солонгосын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт болох юм. Мөн Кимийн хувьд 2011 онд Умард Солонгосыг удирдаж эхэлснээс хойш анх удаагаа өөр улсын удирдагчтай албан ёсоор дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаа нь энэ билээ.
Кимийн Хятад улсын дарга Си Жиньпинтэй саяхан хийсэн “нууц” уулзалтаас ялгаатай нь энэ дээд хэмжээний уулзалтыг телевизүүд шууд дамжуулна.
“Энэ бол Умардын удирдагч Кимийн хувьд “танилцах үдэшлэг”. Ким урьд өмнө нь энэ төрлийн дээд хэмжээний уулзалт хийж байгаагүй” гэж Өмнөд Солонгосын Бодлого судлалын Асаны хүрээлэнгийн захирал Жеймс Ким ярьжээ.
Шинжээч Жеймс Кимийн хэлснээр, Ким Жөн Ун яг эцэг Ким Жөн Ирийнхээ замаар явж байна. Түүний эцэг 2000 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жүнтэй, 2007 онд Ерөнхийлөгч Ну Мү Хёньтой дээд хэмжээний уулзалт хийж байв. Эдгээр уулзалт нь цөмийн зэвсгийн аюулыг арилгах, хоёр Солонгос хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байсан юм. Умард Солонгосын удирдагчтай дээд хэмжээний уулзалт хийж, Солонгосын хойг дахь цөмийн зэвсгийн аюул заналхийллийг багасгахын төлөө хийсэн ажлаараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жүн Нобелийн Энхтайвны шагнал хүртэж байсан юм. Эдгээр дээд хэмжээний уулзалтын дүнд тус хоёр улс Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан цогцолборыг байгуулж, дайны улмаас тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулж байсан юм.
Гэвч Пхеньяныг цөмийн зэвсгээс нь бүрэн татгалзуулах хатуу чиг шугамыг Сөүлийн консерватив засгийн газрууд баримталж, Пхеньяныг олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлах оролдлого хийж байсан нь Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох хүчин чармайлтуудыг хойш татсаар ирсэн билээ.
Өмнөд Солонгос юу хүсэж байна вэ?
Арав гаруй жил сөргөлдсөний эцэст хоёр Солонгосын удирдагчид яриа хэлэлцээний ширээнд суух гэж байна.
Ерөнхийлөгч агсан Ну Мү Хёнийн "баруун гар" байхаасаа л хоёр Солонгос хоорондын янз бүрийн түвшний яриа хэлэлцээнд оролцож байсан Мүн Жэ Ин өнгөрсөн онд Өмнөд Солонгосын төрийн тэргүүн болсноосоо хойш Умард Солонгостой харилцаагаа сайжруулах гэж ихээхэн хүчин чармайлт гаргасан юм.
“Мүн Жэ Ин хоёр Солонгосын хилд орших Панмүнжом тосгонд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийх гэж буй дээд хэмжээний уулзалтаас юуг хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа нь тодорхой. Энэ бол 1953 онд Солонгосын дайныг дуусгасан түр эвлэрлийн гэрээг энхийн гэрээ болгож өөрчлөх юм” гэж Америкийн Олон улсын харилцааны сургуулийн дэд профессор Жи Ён Ли хэлэв.
Хоёр Солонгос нь 1950-1953 оны Солонгосын дайныг энхийн гэрээгээр бус түр эвлэрлийн гэрээгээр дуусгасан учир зарчмын хувьд өнөө хэр нь “дайны байдал”-тай байгаа гэсэн үг. Маргааш дээд хэмжээний уулзалт болох гэж буй Панмүнжом тосгонд талууд түр эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж байсан түүхтэй.
Умард Солонгостой харилцах асуудал хариуцдаг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны эх сурвалжийн мэдэгдсэнээр, Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагчтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр талын нийгэм-эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан цогцолборыг эргэн нээх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Умард Солонгос үйлдвэрийн ажилчдын цалинг авч, цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд ашиглаж байна гэж Сөүл мэдэгдсэнээр хоёр улсын хамтарсан аж үйлдвэрийн цогцолбор 2016 онд хаалгаа барьсан юм. Тус цогцолбор дахь Өмнөд Солонгосын төрийн өмчийн үйлдвэрүүдэд тухайн үед Умард Солонгосын 55 мянга орчим иргэн ажиллаж байсан билээ. Энэ цогцолборыг эргэн нээх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ гэж Мүн Жэ Ин хэлж байсан удаатай.
Солонгосын дайны улмаас хоёр улсын хилийн шугамаар тусгаарлагдсан 60 мянган гэр бүлийг эргэн уулзуулах нь Мүн-Кимийн дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөгдөх гол асуудлуудын нэг байх нь эргэлзээгүй. Тусгаарлагдсан гэр бүлүүдийг хамгийн сүүлд Пхеньяны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор хоёр талын харилцаа хурцдахын өмнө буюу 2015 онд уулзуулж байсан юм.
Умард Солонгост саатуулагдаж буй гадаадын иргэдийг суллах асуудал ч хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын үеэр хөндөгдөх бололтой.
Тэгвэл Умард Солонгос юу хүсэж байгаа вэ?
Умард Солонгос энэ дээд хэмжээний уулзалтаас юу хүсэж байгаа нь тийм ч тодорхой бус. Гэхдээ шинжээчдийн таамаглаж буйгаар, цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор Умард Солонгосын эсрэг олон улсын авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлуулахын тулд Ким Жөн Ун яриа хэлэлцээний ширээнд суух гэж байж магадгүй.
Цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах зорилгоор АНУ болон НҮБ-ын авсан хориг арга хэмжээ Умард Солонгосын эдийн засгийг “элгээрээ мөлхөх”-д хүргэсэн билээ.
Өмнөд Солонгосын Бодлого судлалын Асаны хүрээлэнгийн захирал Жеймс Кимийн хэлснээр, Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах нь хориг арга хэмжээг цуцлуулах асуудлаар Вашингтонтой яриа хэлэлцээ хийх замыг засах “цорын ганц арга зам” гэж Умард Солонгос үзсэн бололтой.
Цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийхээ зогсоож байгаагаа Умард Солонгос өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зарласан. Цөмийн болон пуужингийн туршилтууд нь Пхеньян ба бусад талын харилцааг хурцатгаж байсан гол хүчин зүйл юм.
Туршилт хийхээ зогсоохоо мэдэгдсэнтэй нь холбогдуулан дэлхий нийт, түүний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосыг магтан сайшаасан билээ.
Цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийхээ зогсоож байгаагаа Умард Солонгос өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зарласан. Цөмийн болон пуужингийн туршилтууд нь Пхеньян ба бусад талын харилцааг хурцатгаж байсан гол хүчин зүйл юм.
Туршилт хийхээ зогсоохоо мэдэгдсэнтэй нь холбогдуулан дэлхий нийт, түүний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосыг магтан сайшаасан билээ.
Эх сурвалж: Монцамэ
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад