📅

Говийн гайхамшигт зургаад ямар амьтад багтдаг вэ?

🕔 2018/04/27 18:29

Говийн гайхамшигт зургаад ямар амьтад багтдаг вэ?

 

 Говь-Алтай аймгийн удирдлагаас нутгийн иргэд, хүүхдүүдийг оролцуулан "Эко" клуб  байгуулж, говийн байгалийн сайхныг сурталчлан таниулахаар болж байна. Мөн говийн гайхамшигт зургаан амьтныг хамгаалах, нэн ховордсон амьтныг өсгөн, үржүүлэх талаар  олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэх зорилго агуулжээ.

Говийн гайхамшигт зургаан амьтанд хавтгай, мазаалай, хулан, тахь, бөхөн, хар сүүлт багтдаг бөгөөд Говь-Алтай аймагт зургуулаа байдаг ажээ. Хавтгай тэмээний 80 хувь, хулангийн 30 хувь, мазаалай баавгайн 90 хувь энэ аймагт нутагладаг. Энэ зургаан амьтнаа хамгаалснаар аялал, жуулчлалыг бүс нутагтаа хөгжүүлэх боломжтой гэж үзсэн байна. 2016 онд Тахийн талын тунхаг, 2017 онд Баян талын тунхаг бичиг гаргаж, ховордсон амьтдаа хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр болж байжээ. Говь-Алтай аймгийн төвд говийн гайхамшигт зургаан амьтны хөшөөг босгох юм байна. 

Африк тивийн 5 том амьтнаас санаа авсан

Африкийн “BIG 5”  “Таван том амьтан ”гэх нэрийг дэлхий дахин андахгүй. Таван том амьтанд заан, ирвэс, арслан, хирс, усны үхэр  багтдаг. Хулгайн анчдаас, хүнээс ихэнх амьтан зугтаадаг бол эдгээр таман амьтан эргэж дайрдаг гэнэ.  Тиймээс “BIG 5” хэмээн алдаршуулж, хамгаалах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болжээ.

Африк тивийнхэн энэхүү нэршилийг брэнд болгож, аялал жуулчлалаа хөгжүүлж, бэлэг дурсгалын зүйлийг олноор хийх болсон байна. Үүнээс санаачлан говийн экосистемийг хамгаалах “Говийн гайхамшигт 6 буюу Great Gobi 6“ гэсэн нэрийг Монголын брэнд болгон дэлхийд таниулах ажлын эхлэлийг тавьжээ. 2016 онд БОАЖЯ, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, орон нутгийн иргэд оролцсон хэлэлцүүлэг өрнүүлж, "Тахийн талын тунхаг” бичгийг баталж байсан. Дараа  жил нь Баян талын тунхгийг баталжээ. Эдгээр тунхагт амьтан хамгаалал зохистой ашиглалттай холбоотой эрхзүйн шинэчлэл хийх, уг санаачилгыг төрийн нэрэмжит болгон олон нийтийн анхаарлыг татах ажлыг зохион байгуулах, “Говийн 6” нэртэй аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг бий болгохоор тусгажээ.

А.Эрдэнэ

 www.zindaa.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол