АНУ Израйль дахь ЭСЯ-аа өнөөдөр Иерусалим руу нүүлгэн шилжүүлнэ
ТЕЛЬ-АВИВ. /Ройтерс/. АНУ-ын Засгийн газар Израилийн Тель-Авив хот дахь ЭСЯ-аа өнөөдөр Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлэх гэж байна. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрч, Израиль дахь ЭСЯ-аа тус хот руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан юм.
Израиль улс байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцаж буй өнөөдөр болох ЭСЯ-ны нээлтийн ёслолд АНУ-ын төрийн тэргүүний ууган охин Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин тэргүүтэй албаны хүмүүс оролцох аж.
Палестинчууд Иерусалимыг “ирээдүйн төрт улсынхаа нийслэл” гэж үздэг билээ. АНУ-ын ЭСЯ-ыг тус хот руу нүүлгэн шилжүүлэх тухай Д.Трампын шийдвэрийг палестинчууд эрс эсэргүүцэж, жагсаал хийсээр байгаа юм.
Израиль байгуулагдсаны 70 жилийн ой гэдэг нь палестинчууд төрөлх нутгаасаа дүрвэн дайжаад 70 жил болж байна гэсэн үг.
АНУ ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлж байгаатай холбоотойгоор палестинчуудын эсэргүүцлийн жагсаал өргөжин тэлж, палестинчууд болоод Израилийн хүчнийхний хооронд мөргөлдөөн үүсэж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг