📅

Н.Төгсцогт Колумбын боксчинг ялав

🕔 2018/05/28 09:55

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байсан билээ. Тэгвэл тэрбээр арав дахь тулаанаа тавдугаар сарын 26-ны өдөр Колумбын боксчин Оскар Эскандонтой хийж ялалт байгууллаа. Энэхүү тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотод болжээ.

10 үе үргэлжлэх байсан тулааны эхнээс Н.Төгсцогт илүүрхэж гуравдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авлаа.

“King Tug” Н.Төгсцогтын өрсөлдөгч Оскар Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байжээ. Мөн 2008 оноос хойш мэргэжлийн рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, гурван удаа ялагдсан байна. “Дайчин” хочит Эскандон 2014 оны арванхоёрдугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан байна.

Н.Төгсцогт энэ удаагийн тулаанд өмссөн чамин хар өмсгөлдөө Д.Банди агсны хөргийг залсан нь анхаарал татлаа. Боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ. Хүнд өвчний улмаас өнгөрсөн нэгдүгээр сард таалал төгссөн багшийнхаа дурсгалд зориулж Төгсөө хүндэтгэл үзүүлсэн нь энэ ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол