📅

Цэцийн гишүүдийн томилгоо цэцэд очих уу

🕔 2018/05/29 09:59

УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцийн дөрвөн гишүүнийг нөхөн томилсон. Ингэхдээ УИХ-ын даргын зүгээс нэг, Ерөнхийлөгчөөс гурван хүнийг нэр дэвшүүлсэн юм. Үндсэн хуулийн Цэц нь есөн гишүүнээс бүрддэг бөгөөд УИХ, Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүхээс тус бүр гурван хүнийг санал болгосноор зургаан жилийн хугацаатай томилдог хуультай. Үүний дагуу Цэцийн дөрвөн гишүүний хуулийн хугацаа дууссан учраас УИХ-аас Ш.Солонгыг, Ерөнхийлөгчөөс Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг нэр дэвшүүлж, УИХ албажуулсан. "Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын, 40 нас хүрсэн иргэнийг томилно" гэж заасан байдаг. УИХ-аас нэр дэвшүүлсэн Ш.Солонгын хувьд эрх зүйч мэргэжилтэй бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тэр дундаа хуулийн хэлтэст насаараа ажилласан учраас төдийлөн шүүмжлэл дагуулаагүй. Харин Ерөнхийлөгчөөс санал болгосон гурван хүнийг томилох үеэр хаана, юу хийж явсныг нь хэн ч мэдэхгүй шахуу, мэргэжлийн бус хүмүүсийг оруулж ирлээ хэмээн ихээхэн шүүмжилж байсан. Тэгвэл хуулийн салбарынхан энэ талаар багагүй шүүмжлэл өрнүүлээд зогсохгүй нэр бүхий хуульчид нэгдэн Цэцэд хандахаар ярилцаж эхэлжээ. Тухайлбал, Монгол Улсын Төрийн тэргүүн Цэцийн гишүүдийг санал болгохдоо сайтар судалсан байх ёстой атал асуудалд хөнгөн хуумгай хандаад зогсохгүй хуульчдын нэр хүндийг уландаа гишгэлээ хэмээн эгдүүцэж эхлээд байна. Энэ нь цаашдаа Ерөнхийлөгч хэнийг ч нэр дэвшүүлж болох муу жишгийг тогтоолооч гэж үзэж байна. Түүнчлэн Цэцийн гишүүдийг нөхөн томилсны дараа буюу өнгөрсөн баасан гарагийн орой "Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд тавигдах шаардлага, түүний томилгоо" сэдвээр хэлэлцүүлэг хүртэл
өрнүүлээд амжлаа. Ямартай ч энэ талаарх зарим хуульчийн байр суурийг хүргэе.

Хуульч, доктор Б.Гүнбилэг: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗААСНААР БУРУУ ТАСАГ РУУ БУРУУ ЭМЧ ЯВУУЛЧИХЛАА

-Үндсэн хуулийг тайлбарлах хүн нь улс төр, хууль зүйн онолын болон практикийн аль алиных нь талаар мэдлэгтэй байх ёстой гэсэн л санаа. Учир нь Үндсэн хуулийг уншихад улс төр, хууль зүйн мэдлэг шаарддаг. Хуульч хүн улс төрийн мэдлэггүйгээр Үндсэн хуулиа уншиж чадахгүй. Үндсэн хуулийн эрх зүй нь өөрөө Үндсэн хуулийн мэдлэг+ Улс төрийн мэдлэг шаарддаг. Зүгээр хуулийн мэдлэг биш шүү. Эсрэгээрээ улс төрч хүн Үндсэн хуулийн мэдлэггүйгээр Үндсэн хуулиа тайлбарлаж чадахгүй. Дээр нь Цэц нь өөрөө шүүх гэж байгаа учир хуулийн процесс ажиллагаа, арга зүй, техник эзэмшсэн байхыг шаардах учир ихэнхдээ мэргэжлийн хуульч байна. Хамгийн гол санаа нь ҮНДСЭН ХУУЛИЙН МЭДЛЭГ+УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ-ийн тухай л Үндсэн хуульд заасан. Гол нь томилогдсон хүн нь энэ заалтыг юу гэж ойлгов гэдэг асуултад "Үнэнээ хэлэхэд улс төрөөр мэргэшиж ажилласан юм байхгүй. Тодорхой хэмжээний төсөөлөлтэй байгаа. Би нэг аймгийн Ардчилсан намын даргын ажлыг нэг жил хийсэн" гэж хариулсан. Ямар их зориг вэ. Нүдний эмчид бөөрөө үзүүлдэггүй л байхгүй юу. УИХ Ерөнхийлөгчийн зааснаар буруу тасаг руу буруу эмч явуулчихлаа.


Хуульч О.Мөнхсайхан: САНАЛ БОЛГОСОН ХҮМҮҮС ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

-Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар анх удаа Үндсэн хуулийн Цэц гэсэн нэртэй Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан. Цэцийн гол үүрэг нь Үндсэн хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавих буюу Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх. Үндсэн хууль зөрчсөн хууль болон бусад шийдвэрийг хүчингүй болгох өргөн эрх мэдэлтэй шүүхийг байгуулсан. Үндсэн хуулийн Цэцэд хууль зүй, улс төрийн өндөр мэдлэгтэй хумүүсийг томилох агуулга орсон. Энэ бол хэн дуртай хүнийг Цэц рүү томилохыг зөвшөөрөөгүй, харин обьектив шаардлагыг илэрхийлдэг. Энэ обьектив шаардлага нь юу вэ гэхээр Цэцэд хууль зүйн өргөн мэдлэг, ур чадвартай, өндөр зс зүйтэй хүнийг томилох ёстой гэсэн санаа. Үндсэн хуулийн маргаан шийдэх мэдлэг, ур чадвартай байхын тулд ядаж хууль зүйн дээд боловсролтой байх ёстой. Мөн хангалттай туршлага хуримтлуулахуйц хугацаанд мэргэжлээрээ ажилласан байх ёстой.
Өөрөөр хэлбэл хууль хэрэглэдэг, хараат бусаар шийдвэр гаргадаг ажил хийсэн байх ёстой. Ийм ажлын жишээ гэвэл шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, их сургуулийн хуулийн профессор. Дээрээс нь өөрөө хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Цэцэд томилогдох хүн тодорхой хэмжээний нэр хүндтэй байх ёстой гэсэн үг. Энэ нэр хүндийг олж тогтоохын тулд тухайн хүний бүхий л мэдээллийг олж цуглуулан анализ хийх ёстой болно. Гэтэл ийм чухал асуудлыг ганцхан долоо хоногийн дотор шийдсэн нь тун хангалтгүй. Яг тохирсон хүн үү, үгүй юу гэдгийг судлах ямар ч хугацаа өгсөнгүй. Ерөнхийлөгч Х.Баттулгын санал оруулсан гурван хүн гурвуулаа миний хэлсэн Үндсэн хуульд байгаа шаардлагыг хангаагүй л харагдаж байна. Ганцхан би ч биш бүх хуулийнхан тэгж үзэж байна. Учир нь энэ гурван хүн Үндсэн хууль битгий хэл хууль зүйн салбартаа ч нэр нь сонсогдоогүй, хуулийн чиглэлээр ажиллаж байгаагүй хүмүүс байна.

Хуульч Ж.Эрхэмбаатар Ц.Нанзаддорж улстөрд "А" ч үгүй болохоо өөрөө хэлсэн

-УИХ Үндсэн хуулийн Цэцийн дөрвөн гишүүнийг томиллоо. УИХ томилсноор Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийн бүрэн эрх нь эрэгжээд явна. Нийгмийн сүлжээнд иргэд ялангуяа хуульчдын үгээс маш ихээр шүүмжилж, эсэргүүцэж байна. Яагаад гэвэл хуульчид бидний хувьд тодорхой хэмжээний мэргэжлийн үнэт зүйл, хүлээн зөвшөөрөгдөх чанар, үзэл санаа байдаг. Яг үүнийг үгүйсгэсэн сөрөг шийдвэр гарлаа гэж харж байна. Үндсэн хуулийн эцийн гишүүнээр хууль зүйн болон улс төрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, гүнзгий ул мөрөө үлдээсэн, Үндсэн хуулийн үзэл санааг "тээгч, хамгаалагч" байж чадахуйц хүмүүс очдог байсан газар. Өмнө нь Цэцийн гишүүний томилгоо маргаан, шүүмжлэл дагуулж байсан ч өнөөдрийн ийм хэмжээний шүүмжлэл дагуулж байсангүй. Үндсэн хуульд "Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно" гэсэн алтын нэг л шалгуур болох 40 нас хүрсэн байх гэсэнд тэнцсэн хүмүүсийг томиллоо гэж харж байна. Ш.Солонгоос бусдыг хууль зүйн болон улс төрийн өндөр мэргэшилтэй гэсэн ангилалд багтахгүй гэж үзэж байгаа юм. Яагаад үндсэн хуульд "мэргэшил" гэдэг үгийг сонгосон гэхээр мэргэжлийн "диплом"-той төдий бус Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалах "чиг үүргээ" гүйцэтгэхэд Цэцийн гишүүдээс хууль зүйн болон улс төрийн өндөр мэдлэг, нарийн мэдрэмж, хараат бусаар ажиллах ёс зүйтэй, хий нь гарсан, энэ бүхэн нь мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж ирсэн намтраар нь нотлогдож байх ёстой юм. Харамсалтай нь, дээрх шалгуурт нийцэж байгаа нь нотлогдохгүй байна. Жишээ нь, нэг нэр дэвшигч 34 жилийн ажлын туршлагатайгаас 21-д нь бизнес хийсэн байх юм. Тэрбээр мундаг бизнесмэн байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэр туршлага нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдох гол шаардлагад хамаарахгүй байна. Улс төрийн салбарт "А" ч үгүй болохоо өөрөө хэлнэ билээ. Гэтэл Ерөнхийлөгч нэр дэвшүүлэхдээ ч, УИХ томилохдоо ч "нүдээ аниад" өнгөрлөө. Энэ шийдвэр Үндсэн хуулийн үзэл санаанаас ухарсан, Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл боллоо.

М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол