Ж.Бямбасүрэн эх орондоо ирлээ
Эверест, Түвд Хятадын хилийн заагт орших Лхоце хайрхны оргилд гарсан уулын спортын мастер Ж.Бямбасүрэн өчигдөр эх орондоо ирлээ. "Хайрхан аялагч" клубийг үүсгэн байгуулагчдын нэг тэрбээр энэ сарын 16-ны өдөр дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарсан бөгөөд түүний дараа дэлхийн дөрөв дэх ноён оргил Лхоце хайрхны (дтд 8516м) оргилд бараалхсан юм. Монголын уулчдаас нэг улиралд багтан 8000 метрээс дээш хоёр оргилд авирсан нэг тохиолдол байдаг. Тодруулбал, уулын спортын олон улсын хэмжээний мастер Л.Баярсайхан Чо-Оюу, Шишмангма уулсад найм хоногийн зайтай гарч байжээ.
Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын "7 summit" буюу долоон тивийн долоон ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилд 2012 оноос хойш авирчээ. Эверестийн тоо баримтад дурдсанаар өнгөрсөн оныг дуустал нийт 8306 хүн оргилд бараалхсан байдгаас Монгол Улсаас Гавьяат тамирчин Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, Г.Өсөхбаяр болон олон улсын хэмжээний мастер Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан нар дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан билээ.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин