📅

АНУ-аас ОХУ-ыг харилцаагаа сайжруулах алхам хийхийг хүслээ

🕔 2018/05/31 12:41

Москва/МОНЦАМЭ/.АНУ-ын хүсэлтээр энэ сарын 30-ны өдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга М.Помпео ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар утсаар холбогдож санал солилцсон байна.
Талууд хоёр орны харилцаанд тулгамдаж буй зарим асуудал, Сири, Украины хямралын талаар санал солилцжээ.
АНУ ОХУ-тай харилцаагаа сайжруулахыг зорьж буй бөгөөд үүний тулд ОХУ-ыг алхам хийж, АНУ-ын анхаарал хандуулж буй зарим асуудалд дорвитой арга хэмжээ авахыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга М.Помпео ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровоос хүссэн байна.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын өнгөрөгч хоёрдугаар сард хийсэн яриа хэлэлцээг хэрэгжүүлэх нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтойг талууд онцлов.
Дашрамд дурдахад энэ сарын 18-ны өдөр ОХУ-д шинэ Засгийн газар байгуулагдаж Ерөнхий сайд Д.Медведевийн саналаар С.Лавров ОХУ-ын Гадаад хэргийн сайдын албыг үргэлжлүүлэн хашихаар болсон. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео үүрэгт ажлаа энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд хүлээн авчээ. Тэрбээр өмнө нь АНУ-ын Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан юм.

Л.Нандиа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол