📅

БОР ГӨРӨӨСНИЙ ЦУСАНД ХАЛДВАР ҮҮСГЭДЭГ ШИМЭГЧ БИЙ

🕔 2018/06/05 11:25

БОР ГӨРӨӨСНИЙ ЦУСАНД ХАЛДВАР ҮҮСГЭДЭГ ШИМЭГЧ БИЙ

 

Хаврын улирал эхлэнгүүт хүмүүс яргуй идсэн бор гөрөөсний цус уух гэж хөдөө гадаа их явдаг. Бор гөрөөсний цус уухаар эрүүл мэндэд сайн гэж мэдлэг дутуу хүмүүс ойлгож, хууль бус ан авд хошуурч байгаа нь тэр юм. Өнгөрсөн сард гэхэд бор гөрөөсний халуун цус уугаад бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол бий. 
 
Харин иймд онцгой санамжийг хүргэх нь зүйтэй гэж мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Бор гөрөөсний цусанд Бабиозиа (Babesia venatorum) хэмээх шинжлэх ухааны нэртэй аюулт халдварт өвчин үүсгэдэг нэг эст паразит организм байдаг гэнэ.

МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн багш доктор Н.Батсайхан “Энэ нэг эст цусны паразит нь хачиг (Ixodes persulcatus болон өөр бусад зүйл хачиг) хэмээх цус сорогч гадаад шимэгчээр дамжин гөрөөсний цусанд орж халдварладаг нь тогтоогдсон. Гэтэл, Б.Түвшинтулга нар Японы судлаачидтай хамтран гүйцэтгэсэн судалгааны үр дүнд Монголд хачигнаас (Ixodes persulatus) дээр дурдсан цусны паразит аюулт өвчин үүсгэгч нэг эст организм болох Babesia venatorum-ыг саяхан илрүүлжээ. 

Энэ өвчин үүсгэгч нэг эст организм нь хүнд халдварласан тохиолдолд цусны улаан эсийг хөнөөх бөгөөд улмаар цус багадах эмгэг үүсдэг байна. Мөн дэлүү, чөмөгт ясанд бүрэлдэх улаан эс буурдаг ажээ. Түүнчлэн цусан дахь элдэв халдварт өвчин эсэргүүцэх дархлааны эсрэг биеийн түвшин эрс буурдаг нь тогтоогджээ" гэжээ.

Тиймээс халдварт өвчинтэй цус ууж амь нас, эрүүл мэндээрээ эрсдэх үү... эсхүл амьд, эрүүл амгалан орших уу гэдэг нь хувь хүний сонголт юм шүү.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол