Хачигт хазуулж нас баржээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд хачигт хазуулсан 54 настай эмэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан хэрэг гарчээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвд яг юунаас болж амиа алдсаныг нь шинжилж үзэхэд хачигт хазуулснаас болсон нь тогтоогдсон байна. Тус аймагт хачгаар дамжих халдварын 51 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 45 тохиолдол тархвар судлал, эмнэл зүйгээр хачигт риккетсиозын гэж оношлогдсон байна. Гурван хүний биеийн байдал хүндэрсэн ч одоогоор биеийн байдал сайжирч эхэлжээ. Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг аж. Хачиг хүнийг хазах үед вирус, нян зэрэг үүсгэгч хүний цусанд орсны улмаас халдвар үүсдэг байна. Нэг хачиг дунджаар дээрх 30 төрлөөс долоон өвчнийг үүсгэх боломжтой гэсэн судалгаа бий. Хэрэв өвчин үүсгэгч агуулсан мал, амьтан хазсан хачиг нь хүнийг хазахад цусаар дамжин тэрхүү өвчний халдвар биед орно гэсэн үг. Хэдий бүх хачиг халдваргүй ч таван хачигны нэг нь өвчин үүсгэгч вирус, нян тээж байдгийг мэргэжлийн байгууллагынхан анхааруулдаг. Түүнчлэн хачиг салхины нөлөөгөөр агаарт нисдэг. Хэрэв тэр замд нь хүн, амьтан таарвал шигдэж, шимэгчилдэг байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад