Говь-Алтайн музейд МЭӨ III-VII зуунд хамаарагдах хүрэл морины хөшөө хадгалагдаж байна
Говь-Алтай аймгийн орон нутгийг судлах музейд МЭӨ III-VII зуунд хамаарагдах хосгүй үнэт үзмэр хүрэл морины хөшөө хадгалагдаж байна.
Тус аймгийн музей анх 1947 онд кабинет нэртэйгээр байгуулагдаж, 1967 онд музей болон өргөжсөн аж.
Говь- Алтай аймаг нь хүмүүсийн оршин сууж байсан буурь бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундаж шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг билээ. Энэ ч утгаараа орон нутгийг судлах музей 2537 гаруй үзмэртэй. Байгаль, газар зүй түүх угсаатан гэсэн дөрвөн танхим 10 тасагт үзмэрийг дотоод болон гадаадын иргэдэд дэлгэн сурталчилдаг байна.
Мөн МЭӨ 4000-5000 орчим жилийн үед холбогдох хаш чулуун сүх , МЭӨ III-VII зууны үеийн хүрэл морь, XIX зууны үед хэрэглэж байсан Засагт ханы мөнгөн барс бариулт тамга, Галданбошигтын эмээл зэрэг ховор нандин түүх соёлын дурсгал олон байдаг.
Үүнээс гадна байгальд ил задгай байрласан хүн болон буган чулуун хөшөө, бичээс, хадны сүг зураг, булш, хэрэгсүүр бүхий улс аймгийн хамааралтай түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрууд 35 байна хэмээн бүртгэгджээ.
Алтай хотын өнгө үзэмжийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлж эх нутгийн ирээдүй болсон хүүхэд залуусдаа үүх түүхээ таниулах зорилгоор хосгүй үнэт үзмэр болох хүрэл морины хөшөөг Алтай хотод сүндэрлүүлсэн.
Өмнөд Сибирийн Минусын хонхороос олдсон янгирын дүрстэй төстэй төмөр зэвсгийн эхэн үе, МЭӨ III-VII зуунд хамаарагдах уг хүрэл морийг Жаргалан сумын нутгаас олсон бөгөөд 1965 онд цуглуулгаар сан хөмрөгт авчээ. Морины хэлбэр, хэв шинжийн дүрслэл нь хүлгийн бие галбирыг нарийн уран чамин хийцтэй, гоёмсог согоо чихтэй, ихэд бодитойгоор бүрэн баримлаар хавтгай суурин дээр цутгаж урласан байна.
Түүний сүүлийг мушгиж гоёсон, нүдийг дугариг нэвт цоорхой, дэлийг нарийсган, өвдөг, боривны үеийг залгаатай байдлаар урласнаас гадна суурь нь эргэн тойрон иржгэр хээтэй бүтээгдсэн нь сонин содон харагдаж байлаа.
Уг хүрэл морь нь 2005 онд болсон Монголын музейн шилдэг үзмэрийн уралдаанд түрүүлж байсан удаатай билээ. Түүнчлэн уг хүрэл морийг Говь-Алтай аймгийн түүхэн дурсгал Говь-Алтай аймгийн есөн гайхамшигийн нэгээр өргөмжилсөн байдаг аж.