Ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд Монгол хоёрдугаарт бичигддэг
2009-2012 онд АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан, Мерсерийн их сургуулийн Олон улс судлалын тэнхимийн эрхлэгч бөгөөд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Жонатан Эдлтон Монголын тухай нийтлэл бичсэнийг “The Global Atlanta” уламжилжээ.
Жонатан нийтлэлдээ "1990-ээд оны эхэнд Монгол Улс Зөвлөлтийн сүүдрээс гарч, ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж, Ардчилсан нам, Бүгд найрамдахчууд Монгол Улсад урам зориг өгч, дэмжлэг үзүүлэх асуудлаар санал нэгдэж байв. Гайхалтай нь Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ажиллагаанд идэвхтэй оролцож, улмаар тус нийгэмлэгийг даргалсан билээ. Үүний зэрэгцээ 2001(Монголд гадаад мэргэжилтний хувиар очиход) - 2013(Элчин сайдын албан үүргээ гүйцэтгэсний дараа) оны хооронд байгалийн баялгаас хамааралтайгаар Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч, ДНБ-ий хэмжээ 10 дахин нэмэгдсэн. Конгресс Монголын амжилтыг дэмжсэн.
Сонирхол нь аажмаар буурсан хэдий ч АНУ-ын Конгрессийн гишүүн Тед Ёохо “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг Конгресст өргөн барьсан нь байдал өөрчлөгдөж эхэлснийг харуулж байна. Далайд гарцгүй Монгол Улс нь мөнхийн хүчирхэг хөршүүд болох Орос болон Хятадтай зүй зохистой харилцахын зэрэгцээ “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг.
Ноолуур нь монгол малчдын хувьд эдийн засгийн өндөр ач холбогдолтой, орлогын гол эх үүсвэрүүдийнх нь нэг. Үнэндээ, малын тоо толгой 20-иос дээш хувиар өсч, ноолууран болон бусад амьтны гаралтай бүтээгдэхүүн нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулдгаас гадна хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Монгол Улс нь ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд дээрээсээ Хятадын дараа хоёрдугаарт бичигддэг ч түүхий ноолуурынхаа чанарыг сайжруулж чаддаггүйн улмаас эдийн засгийн ач холбогдлыг нь төдийлөн хүртэж чаддаггүй. Гуравдагч хөршийн худалдааны тухай хуульд Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрэх боломж олгох, Монголын сарлагийн хөөвөр, тэмээний ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх үе шатыг бий болгоно гэж бичжээ.
Гурав дахь хөршийн худалдааны тухай хууль амжилттай хэрэгжих нь Монгол Улсын эдийн засаг, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд асар том хөшүүрэг болно. Бизнес эрхэлдэг хоёр америк залуу Монголд амарч, буцаж АНУ-д ирснийхээ дараа "Naadam" компани үүсгэн байгуулсан нь маш их сэтгэгдэл төрүүлсэн. Энэ хууль Конгрессийн бусад гишүүд, намын төлөөллүүдийн дэмжлэгийг авсан. АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлснээр Монгол Улс нь эдийн засгаа төрөлжүүлэх боломжтой юм гэж бичжээ.