📅

Шивээ-Овоо сумын 44 хүүхэд хоолонд хорджээ

🕔 2018/09/11 14:25

Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын гуравдугаар цэцэрлэгт явдаг 44 хүүхэд өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт хоолны хордлогод оржээ. Тэдний зарим нь эмнэлэгт, зарим нь гэрээр эмчлүүлж байгаа аж. Одоогоор тус цэцэрлэгийг түр хугацаанд хааж, хоолонд хэрэглэсэн мах сүүг нь аймгийн Хөдөө аж ахуйн газар болон Мэргэжлийн хяналтын газар шалгаж байгаа гэнэ. Мөн багш нарын эрүүл мэндийн асуудлыг аймгийн Эрүүл мэндийн төвд шалгуулахаар өгчээ. Өнөөдөр /2018.09.11/ орой гэхэд хариу нь гарна гэж холбогдох албаныхан хэлсэн юм. Ингээд энэ талаар Шивээ-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Эрдэнэбаттай утсаар холбогдож товчхон тодруулга авлаа.

Тэрбээр “Өнгөрсөн Баасан гаригийн оройноос тус цэцэрлэгийн зарим хүүхдүүд бөөлжиж, суулгаж эхэлсэн байдаг. Бямба гаригийн өглөө гэхэд 44 хүүхэд суулгалт өгч, бөөлжих, халуурах зовуурьтай эмнэлэгт хандсан. Ингээд аймгийн эмнэлэг рүү гурван хүүхэд шилжүүлж, сумын эмнэлэг дээр долоон хүүхэд эмчлүүлж байна. Үлдсэн нь гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Тус цэцэрлэг өнгөрсөн жилээс дотоод асуудалтай байгаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил удирдлагуудыг нь хууль бусаар халж, намын томилгоо хийсэн. Ингээд шинэ удирдлага нь арга зүйч авахдаа өмнө нь цэцэрлэгийн хоолны мөнгийг шамшигдуулж байсан хүнийг ажилд авсан. Энэ хоёр нөхөр жил гаруй гуравдугаар цэцэрлэгийг удирдаад явахад ийм асуудал гарлаа. Тэд хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол хүнсэнд анхаарахаас илүү намын асуудалдаа анхаарсны улмаас ийм асуудал үүссэн гэж би хувьдаа дүгнэж байна” гэв.

Шивээ-Овоо сумын 44 хүүхэд хоолонд хорджээ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол