Даатгалын гэрээ байгуулаагүй жолооч нарыг даатгагчид шууд хуваарилна
Санхүүгийн зохицуулах хороо энэ оны 271 дүгээр тогтоолоор “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчилж, Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүллээ.
Ингэснээр Хорооноос хуваарилсан жолооч нартай даатгалын компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа нэмэлт нөхцөл шаардахгүй даатгах, мөн даатгагч нарын хохирол нөхөлтийн харьцааг тооцох хугацааг тодорхой болгосон зэрэг нарийвчилсан зохицуулалт бүрдэж буй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.5-д тус тус заасны дагуу журмыг хэм хэмжээний актын эмхтгэлд хэвлэж, Хорооны цахим хуудсанд байршуулснаар хүчин төгөлдөр мөрдөж эхэллээ гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.